УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Ард түмэн хүнсний шохой идэж байгаа. Эмийн чанар ямар байгаа нь ойлгомжтой. Зармыг нь сар ууж байж зүгээр болж байхад зарим нь долоо хоногт эдгээж байна. Яагаад хүмүүс гаднаас хүүхдийн эмийг очиж аваад байгаа вэ гэдэг нь чанарын асуудал юм. Элэгний өвчлөлтэй хүмүүс бүгд урсофальк гэдэг эмийг ууж байгаа. Энэ эм Герман, Солонгост зардгаас дөрөв дахин хямдхан. Эмч нар болж өгвөл эмээ гаднаас аваад уугаарай гэж хэлж байгаа. Эмийн тухайд хэмнэлттэй байна гэдэг зүйлийг ярих боломжгүй. Манай улсын эмийн стандарт худлаа. Сингапур, Япон, АНУ-ын эмийн стандартыг шууд аваад хэрэгжүүлж буй улсууд байна” хэмээв.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул “Бид судалгаа хийж үзэхэд Монгол Улсын нийт зах зээл 650 тэрбум төгрөг байна. Улсын төсвөөс 220 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлдэг. Түүний 50 орчим тэрбум төгрөгийг зөвхөн эмд өгч байна. Үнэ болон чанарыг нь харьцуулж үздэг болно. Үүнтэй холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн үнэлгээний шинэ шалгуурыг оруулж ирсэн. Одоогоор эм, эмнэлгийн хэрэгсэл авахдаа чанар болон үнэлгээний шалгуураар авдаг хуулийн зохицуулалттай. Таван шалгуур үзүүлэлтийг авч үздэг. Үнэ нь бага байх юм бол 70 оноо авч, үлдсэн 30 оноог нь чанарын шалгуурыг үнэлж өгдөг.
Монгол Улсад худалдаалагдаж буй эмийн ерөнхий чанарыг дээшлүүлэхэд арга хэмжээ авах хэрэгтэй. Чанаргүй дотроос үнэтэй эм авчих вий гэдэг болгоомжлол бий. Эрүүл мэндийн яам гадаадын стандартын шаардлага хангасан эм үйлдвэрлэгч болон олон улсын байгууллагаас эмийг нэгдсэн журмаар авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн” гэдгийг хэллээ.
Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Гадаадын 138 оронд эм худалдан авч нийлүүлдэг систем байдаг. Тухайн системийг ашиглах талаар хуулийн төсөлд оруулсан. Шууд тухайн худалдан авах систем рүү орох боломж нээгдэж байгаа юм. Тийм учраас чанар болон үнийн хосолмол шалгуурыг харгалзаж үзнэ” гэсэн юм.