Манай улс ардчилсан, чөлөөт, зах зээлийн нийгэмтэй. Энэ утгаараа хувийн хэвшил үйлдвэрлэл, бизнесээ явуулж, төр бодлогоор дэмжих ёстой ч сүүлийн жилүүдэд бараг бүх үйлдвэр, бизнест төр оролцож, дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг төр үйлдвэрлэх болсон. Энэ нь авлигын гэмт хэрэг нэмэгдэх гол нөхцөл болж байхыг ч үгүйсгэхгүй. Тэгвэл манай төрийн байгууллага Хятадын нэгэн компанитай хамтарч “элсэн чихрийн үйлдвэр” барихаар болсон байна.
Монгол улс жилдээ 70,0 орчим мянган тонн буюу 145,0 тэрбум төгрөгийн үнэ бүхий элсэн чихрийг импортлон дотоодын хэрэгцээгээ хангадаг.
ХААК ТӨХХК-ийн ажилтан: “Манай байгууллага БНХАУ-ын “Чайна Камк Инженеринг” ТӨХК-тай хамтран Монгол улсад элсэн чихрийн үйлдвэр байгуулахад хамтран ажиллахаар тохиролцон санамж бичиг байгуулсан. Одоогоор ажлын хэсэг байгуулах ажил эхлээд байгаа. Бидний зүгээс дотоодын элсэн чихрийн хэрэглээний 50 хувийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахаар зорьж байна. Гэхдээ хэзээ үйлдвэр босох эсэх нь цаг хугацааны асуудал болсон” гэсэн юм.
Элсэн чихрийн боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрлэл бий болохын зэрэгцээ чихрийн манжингийн захиалгат тариаланг хөгжүүлэх, сэлгэн тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, малын тэжээл үйлдвэрлэлийн түүхий эд нөөцийн нэр төрөл, хангамж сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.