Энэтхэг улс Европын холбооны гишүүн бус Норвеги, Швейцарь, Исланд, Линхтенштейн улстай чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. Уг дөрвөн улс нь Европын Чөлөөт Худалдааны Холбоо (EFTA)-нд багтдаг бөгөөд хэлэлцээрийн дагуу Энэтхэгт 100 тэрбум долларын (77.8 тэрбум фунт стерлинг) хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.
Их Британи, Энэтхэг улсууд сүүлийн хоёр жилийн турш Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар ярилцаж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Нарендра Моди “Энэхүү чухал гэрээ нь эдийн засгийн дэвшлийг нэмэгдүүлэх, залуучууддаа боломж олгох бидний амлалтыг онцолж байна” гэж мэдэгджээ. Мөн “Бид EFTA-ийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлснээр ирээдүйн цаг үе илүү хөгжил цэцэглэлт, харилцан өсөлтийг авчрах болно” гэж нэмж тэмдэглэсэн. “EFTA” болон Энэтхэг бараг 16 жил үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд гэрээ байгуулав. Энэхүү хэлэлцээрийн дагуу Энэтхэг улс 15 жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын хариуд дөрвөн орны аж үйлдвэрийн барааны импортын ихэнх татварыг цуцлах юм. Хөрөнгө оруулалтыг эм зүй, машин механизм, үйлдвэрлэл зэрэг олон салбарт шинчлэл хийхээр төлөвлөж байна.
“Хэлэлцээр нь зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулж, гаалийн журмыг хялбарчилж, Энэтхэг болон “EFTA” нь зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хялбар болгож байна” гэж “EFTA” мэдэгдсэн.
Энэтхэг болон “EFTA”-ын дөрвөн орон хэлэлцээрээ хүчин төгөлдөр болгохын тулд гэрээг соёрхон батлах шаардлагатай ба Швейцарь ирэх жил гэхэд батлахаар төлөвлөж байна. Ерөнхий сайд Моди гурав дахь удаагаа засгийн эрхэнд гарах гэж байгаа тул Энэтхэгт энэ жил бүх нийтийн сонгууль болно. Сүүлийн хоёр жилд Энэтхэг улс Австрали, Арабын Нэгдсэн Эмират улстай худалдааны гэрээ байгуулсан.
Эх сурвалж: BBC