240 сая жилийн өмнө амьдарч байсан луутай төстэй амьтны бүтэн араг ясыг анх удаа нийтэд танилцуулах болсон тухай Шотландын Үндэсний Музей өнгөрсөн Баасан гарагт зарлажээ.
Триассын галавын үеийн энэ мөлхөгч амьтны ясыг анх 2003 онд Хятадад илрүүлж байжээ.
Олон жилийн турш явуулсан нарийвчилсан судалгааны эцэст эрдэмтэд уг амьтны араг ясны бүтцийг бүрэн сэргээж, Dinocephalosaurus orientals нэрээр шинжлэх ухаанд бүртгүүлсэн байна.
“Наймын тоо хэлбэртэй мушгирсан араг ясны дүрс Хятадын лууг санагдуулж байгаа юм” гэж судлаачдын нэг Ник Фрэйзер ярьжээ.
Судалгаанд Шотланд, Герман, АНУ, Хятадын эрдэмтэд хамтран оролцсон юм байна.
Тэдний ажлын тайлан Эдинбургийн Хааны Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Earth and Environmental Science Transactions” сэтгүүлд нийтлэгджээ.
Араг ясны эхний олдворыг 2003 онд Хятадын өмнөд бүсийн Гуйжоу мужийн жижиг тосгоноос Бээжингийн Палеонтологийн Хүрээлэнгийн профессор Ли Чунь илрүүлж байсан гэнэ.
Шохойн чулуун хавтан дотор хадгалагдаж үлдсэн эхний нугалмыг эндээс олж, дараа нь нутгийн тариачдын тусламжтайгаар ижил чулуунуудыг цуглуулан нэгтгэж байжээ.
Ингээд нэгтгэж дуусахад эрт галавын энэ амьтан 32 нугаламтай, маш урт хүзүүтэй амьтан байсныг тогтоосон байна.
Хэдийгээр урт хүзүүний зориулалт бүрхэг байгаа ч загас барихад нь тус болдог байсан байж магадгүй гэж судлаачид дүгнэжээ.
“Урт хүзүүний зорилго биднийг гайхшируулсан хэвээр байна. Миний бодлоор энэ амьтан усны ёроолын ан цав, хад чулууны завсраас загас барьж иддэг байсан байх. Урт хүзүү нь ан авын эрэл хайгуулд хэрэглэгддэг байсан байж болзошгүй” гэж Фрэйзер тайлбарлаж байна.
Тэрбээр цааш нь ярихдаа “Палеонтологичид бид эртний амьтны амьдралыг судлахдаа өнөөдрийн ижил төстэй амьтантай харьцуулдаг. Dinocephalosaurus-ийн хувьд тэдэнтэй төстэй орчин үеийн амьтан байхгүй. Бид Триассын галавын үеийн өөр олон амьтдын нууцыг тайлахыг хичээсээр байна. Учир нь ер бусын, хачин жигтэй энэ амьтад өнөөгийн амьтдын хийдэггүй зүйлийг хийдэг байсан тул үнэхээр гайхалтай сонин ертөнц юм” гэжээ.
Эх сурвалж: CNN