Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн захирал Э.Галбадрах танилцууллаа.
Тэрбээр “Хүйтний улирал чангарч буй энэ өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтэл, осгож хөлдөх тохиолдол нэмэгдэж буй.
Халтиргаа гулгааны улмаас ихэвчлэн бага насны хүүхдүүд, ахмад настнууд гэмтэж бэртэж байна. Иймд албан байгууллагууд ойр орчмынхоо 50 метрийн цас мөсийг цэвэрлэхийг зөвлөе.
Нөгөөтээгүүр баяр ёслол болж байгаатай холбоотой архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, улмаар осгож хөлдөх явдал нэлээд гардаг. Баяр ёслолын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалж байна.
Хөдөө орон нутаг руу зорчих иргэд машиныхаа бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслахад анхаарах хэрэгтэй.
Мөн сургууль, цэцэрлэг амарч байгаа үед түлэгдэх, унаж гэмтэх, хөлдөх осгох тохиолдол нэлээд нэмэгдэж байгаа. Иймд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай” гэлээ.
ГССҮТ-ийн амбулаторийн үзлэг арванхоёрдугаар сарын 31-нд хэвийн явагдана. Мөн салбар эмнэлэгт 24 цагаар яаралтай тусламж үзүүлж байгаа.
ГССҮТ-ийн салбар эмнэлэг хуучнаар Түлэнхийн төв, арваннэгдүгээр хороолол, Хөгжим бүжгийн коллежийн ард талд байрладаг хэмээн мэдээллээ.