Допингийн шийтгэлийн улмаас барилдах эрхээ найман жилээр хасуулсан Улсын арслан Э.Оюунболд дэвжээнээ эргэн ирж, барилдахаар болжээ. Тодруулбал, тэрбээр нэгдүгээр сарын 27-ны өдөр буюу ирэх Бямба гаригт Өвөрмонголд болох барилдаанд зодоглох гэнэ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу? Өвөрмонголын ах дүүстээ шинэ жилийн мэндийг хүргэе. 2024 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр болох барилдаанд би зодоглох болно. Та бүхнийг өргөнөөр ирж үзэж, дэмжихийн хүсч байна” гэв.
Монголд барилдах эрхээ хасуулсан бөхчүүд хилийн чандад зодоглох болсон. Тухайлбал, даян аварга Н.Батсуурь үндэсний бөхөөр барилдах эрхээ хасуулсан үедээ буюу 2021 онд самбо бөхийн ДАШТ-д барилдаж, хүрэл медаль хүртэж байсан бол сүүлд улсын харцага Ц.Мөнхбаяр Өвөрмонголд очин барилдсан. Ц.Мөнхбаяр нь дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан юм.
Ёс зүйн ба допингийн зөрчил гаргаж барилдах эрх нь түдгэлзээд байгаа бөхчүүд:
- Сумын заан Г.Ганбат. Ёс зүйн зөрчил – 1 жил (давсан бөхөө санаатай өвдөглөсөн)
- Улсын заан Б.Серик. Ёс зүйн зөрчил – 1 жил.
- Аймгийн заан Т.Батсүрэн Ёс зүйн зөрчил – 1 жил. ( Барилдаж байгаа хоёр бөхийн ард санаатай дэгээ тавьсан)
- Сумын заан Б.Мөнх-Эрдэнэ. Ёс зүйн давтан зөрчил – 2 жил. (Хоёр удаагийн барилдаанд өрсөлдөгч 2 бөхийн нүүр рүү шанаадсан)
- Аймгийн начин М.Балжинням. Ёс зүйн зөрчил – 3 жил. (Өрсөлдөгч бөхөө унасаны дараа өшиглөсөн, тахим авахдаа цохисон)
- Улсын харцага Ц.Мөнхбаяр. Допингийн төрлийн бодис илэрсэн – 4 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)
- Аймгийн арслан Б.Өсөхбаяр. Допингийн төрлийн бодис илэрсэн – 4 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)
- Улсын арслан Э.Оюунболд. Допингийн төрлийн бодис давтан илэрсэн – 8 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)
Ёс зүйн зөрчил гаргаж жаяг дэгийн багийн гишүүнээр ажиллах эрх түдгэлзсэн бөх:
- Аймгийн арслан Т.Сүрэнжав. Ёс зүйн зөрчил – 1,5 жил. (Хөлийн цэц, жаяг дэгийн багийн гишүүдтэй маргаж, зохисгүй үйлдэл гаргасан)
МҮБХ-ны Тэргүүлэгчид болон Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс ёс зүйгүй үйлдлүүдэд хариуцлага тооцогдож барилдах эрх нь түдгэлзсэн ба хариуцлагын хугацаа дууссан бөхчүүд:
- Аймгийн начин Д.Урианхай (өрсөлдөгч бөхөө барилдааны явцад цохисонд 6 сараар эрхийг түдгэлзүүлсэн. Дахин хэлэлцэж илт санаатай биш үйлдэл гэж үзэн 2 сар болгон бууруулсан)
- Сумын заан М.Баасан ( өрсөлдөгч бөхөө цохисон)
- Улсын харцага Ш.Уламбаяр ( барилдааныг зогсоосон үед учраа бөхийг араас нь өргөж нидэрч дарсан)
- Аймгийн заан О.Баяржаргал (өрсөлдөгч бөхөө цохисон)
Монгол үндэсний бөх, допингийн хоёр маргаан, тэмцэл дуусахгүй бололтой. Өчигдөр/2024.01.23/ Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх М.Бадарч арслангийн гомдлын дагуу хуралдсан боловч тодорхой шийдвэрт хүрч чадалгүй хурлаа хойшлуулсан гэх мэдээлэл байна. Түүний гомдол гаргасан шалтгаан нь баяр наадмын зохион байгуулах хороо түүний бөхийн комисс нь допингийн шинжилгээний дээж авахаас эхлээд хадгалах, тээвэрлэх, зарлах гээд бүхий л шатандаа процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа юм. Өмнө нь Э.Оюунболд арслан бөхийн холбооны эсрэг үүнтэй ижил байдлаар гомдол гарган, ялалт байгуулж барилдах эрхээ сэргээлгэж байсан түүхтэй.