Нийслэлийн иргэдийн бухимдлыг төрүүлж байдаг олон зүйлийн нэг нь стандарт бус аргаар баригдсан явган хүний зам. Жил бүр шинэчлээд, засаад байдаг эдгээр замын зарим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, харааны бэрхшээлтэй хүн явахад замчлах, хөтөч болох байтугай эрүүл саруул хүн дагаад явахад барилга байшингийн хана, гэрлийн шон мөргөж унахаар муруй тахир, олон саад бартаатай баригдсан байх нь элбэг байдаг.
Тиймээс энэ онд явган хүний зам болон дугуйн замуудад хариуцлагтай, нямбай хандаж ажиллахыг хотын дарга сануулсан байна. Мөн явган хүний замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавих ёстойг анхааруулжээ. Дээр нь хотын ажлыг аваад хариуцлагггүй гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстойг онцолжээ.
Жишээ нь, 2023 онд л гэхэд есөн дүүргийн хэмжээнд явган хүний зорчих хэсэгт гэрлийн болон троллейбусны 1299 шон байрлаж байгаа аж. Тиймээс нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийг хариуцан ажилладаг 16 аж ахуйн нэгжид хариуцсан нутаг дэвсгэрийнхээ явган хүний замын зорчих хэсэгт байрлаж байгаа гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөхийг үүрэг болгожээ.