Японы “SoftBank” групп “Alibaba Group”-т эзэмшдэг хувьцаагаа дахин худалдахаар төлөвлөж байна.
Он гарсаар тус компани “Alibaba Group”-ийн 7.3 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаануудаа урьдчилсан төлбөрт форвард гэрээгээр зараад байгаа аж.
Өнгөрсөн оны эцсээр “SoftBank” компани “Alibaba”-д эзэмшдэг хувьцаагаа 13.7 хувиар бууруулсан юм.
Олон нийт “SoftBank”-ийг стартап компаниудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж таамаглаж байгаа боловч тус компани санхүүгийн сахилга батаа нэмэгдүүлэхээ мэдэгдэж, шинэ хөрөнгө оруулалтаа үндсэнд нь зогсоогоод байгаа аж.
Ингэснээр цагтаа “Alibaba Group”-ийн хувьцааны гуравны нэгийг эзэмшиж байсан “SoftBank” одоо дөрвөөс бага хувийг эзэмшиж байгаа ажээ.
“SoftBank” анх БНХАУ-ын интернэт худалдааны компанид 20 сая ам.долларын хөрөнгө оруулснаар гол хувьцаа эзэмшигч нарынх нь нэг болж байжээ. Ийнхүү “Alibaba”-д эзэмших хувиа бууруулж буй нь БНХАУ-ын эдийн засгийн боломж бололцоонд урт хугацаанд итгэж ирсэн хөрөнгө оруулагчид тус улс дахь цар хүрээгээ хумьж байгаагын дохио болов уу хэмээн шинжээчид үзэж байна.
“SoftBank” БНХАУ-ын технологийн компанид эзэмших хувиа зарж байгаа нь дунд хугацаанд хувьцааны ханшид нь дарамт болохыг “Union Bancaire Privėe” хөрөнгийн менежментийн компани мэдээллээ.
Пүрэв гарагийн арилжаагаар Хонгконгийн Хөрөнгийн биржид “Alibaba Group”-ийн хувьцааны ханш хоёр хувиар унасан бол Токиогийн Хөрөнгийн биржид “SoftBank”-ийн хувьцааны ханш нэг хувиар буурчээ.