Япон улс бүс нутгийн аюул заналхийллийн эсрэг цэргийн хүчээ нэмэгдүүлэх хүрээнд 400 ширхэг “Томахавк” далавчит пуужин худалдан авах гэрээнд АНУ-тай өнөөдөр /2024.01.19/ гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд Фүмио Кишидагийн засгийн газар 2027 он гэхэд жил бүр батлан хамгаалах зардлаа хоёр дахин нэмэгдүүлж, ойролцоогоор 10 их наяд иенд хүргэх амлалт өгсөн. Ингэснээр Япон улс цэргийн зардлын хэмжээгээр АНУ, Хятадын дараа дэлхийн гуравдугаарт орох болжээ.
Батлан хамгаалахын сайд Минорү Кихара өнгөрсөн арванхоёрдугаар сард анхны төлөвлөгөөнөөс нэг жилийн өмнө буюу 2025 оны санхүүгийн жилээс эхлэн “Томахавк” болон Японд үйлдвэрлэсэн 12 төрлийн “газар-хөлөг онгоц” ангиллын пуужинг байршуулах шийдвэрээ зарласан.
Хятад, Хойд Солонгосын заналхийллийн улмаас Япон улс дэлхийн 2-р дайнаас хойших аюулгүй байдлын “хамгийн хатуу” нөхцөл байдалтай тулгараад байгаа нь АНУ, Австрали, Их Британи болон бусад найрсаг улс орнуудтай цэргийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд хүргэж байна гэж засгийн газар мэдэгдэв.
АНУ өнгөрсөн арваннэгдүгээр сард хоёр төрлийн “Томахавк” буюу 200 ширхэг “IV” блок пуужин, 200 ширхэг сайжруулсан “V” блок хувилбарыг 2.35 тэрбум ам.долларын үнээр худалдахыг зөвшөөрсөн. Тэдгээрийг байлдааны хөлөг онгоцноос хөөргөж, 1000 милийн зайд байгаа байг онох боломжтой гэж албаныхан хэлэв.
Кихара болон АНУ-аас Японд суугаа Элчин сайд Рахм Эмануэл нар Пүрэв гаригт худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов. Япон, АНУ “аюулгүй байдлын нөхцөл улам бүр хүндэрч байгаагийн хариуд” байршуулалтыг түргэсгэхийг зөвшөөрсөн гэж Кихара хэлэв. Харин Эмануэль хэлэхдээ, “Ирэх гуравдугаар сараас эхлэн Японы цэргийн албан хаагчдыг “Томахавк” пуужингуудад сургаж эхэлнэ” гэжээ.
Өнгөрсөн оны сүүлээр Токиогийн Засгийн газар үхлийн аюултай зэвсгийн экспортын хоригоо зөөлрүүлж, Японд үйлдвэрлэсэн зэвсэг, бусад улсын лицензийн дагуу үйлдвэрлэсэн эд ангиудыг эдгээр улсад худалдахыг зөвшөөрөв. Засгийн газар АНУ-ын бараа материалыг нөхөх зорилгоор Японд үйлдвэрлэсэн “Патриот” пуужингуудыг Нэгдсэн улс руу илгээхийг яаралтай зөвшөөрөв.
Токио нь Хятад эсвэл Хойд Солонгосын байг онох чадвартай алсын тусгалтай далавчит пуужингаа байршуулах ажлаа түргэсгэж байгаа бол Японы цэргүүд АНУ болон бусад найрсаг улс орнуудтай мөр зэрэгцэн ажиллаж, илүү довтолгооны үүрэг гүйцэтгэж байна.
ЭХ СУРВАЛЖ: DEFENSE NEWS