“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулган өчигдөр /2024.01.15/ болжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ, “Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдийн сурлагын амжилтын олон улсын үнэлгээний дүнг танилцууллаа. Энэ үр дүнгээр Монгол үнэлгээнд хамрагдсан 81 орноос унших чадвар 65 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Энэ судалгаа хүүхдийн хэл соёлын орчныг төрийн бодлогоор онцгойлон анхаарах ёстойг дахин санууллаа.
Монгол Улсын 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс үзэхэд бичиг, үсэг тайлагдалтын хувь 98.7 хувьтай гарсан нь чамлахааргүй үзүүлэлт ч энэ нь кирилл бичгийн үсэг, бичгийн боловсролд өгсөн үнэлгээ болно. Хэлний талаарх төрийн бодлогын салшгүй хэсэг болсон үндэсний монгол бичиг үсэг, түүгээр өвлөгдөн ирсэн баримтад өв гэж үзэж, үндэсний бичгээр үүх түүхээ судлах, хамгаалах, хэрхэн цааш өвлүүлэх асуудлыг төрийн бодлогын гадна орхих учиргүй” гэжээ.
Мөн төрийн албан хаагчид үндэсний бичгээ мэддэг, судалдаг байх шалгуур үзүүлэлтийг төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журамд оруулж, төрийн албанд анх орох иргэн монгол хэлний шалгалт өгдөг уламжлал 2016 оноос хэвшсэнийг дурдаад, Улсын Их Хурлаар өнгөрсөн жил шинэчлэн баталсан Боловсролын багц хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй зорилт болсныг цохон тэмдэглэсэн юм.
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тавьсан илтгэлдээ, Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан.
“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан, ажлын хэсэг нийт 45, дэд ажлын хэсэг 12 үйл ажиллагааг дангаараа болон хамтарч хэрэгжүүлсэн гэв. Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр боловсруулж, монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэсэн.
Түүнчлэн Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэглэлийн байршил, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдлийн байрлалд тавих, үндсэн шаардлага, төрийн албан хаагчийн нэрийн хуудаст тавих ерөнхий шаардлага, гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага зэрэг стандартуудыг тус тус баталсан гэлээ.
Чуулга уулзалтад оролцогчид хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжийг УИХ-ын гишүүн, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг танилцуулав. Уг зөвлөмжид:
- Монгол хэлний тухай хуулийн 8.3-д кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хянаж, эрх бүхий байгууллага хэлэлцэн батална гэж заасны дагуу Үндэсний бичгийн зөв бичих дүрмийг батлуулж, толийг нэгтгэн хэвлүүлэх;
- Монгол хэлний үндэсний хөмрөг (national сorpus) бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар, чанартай, гүйцэтгэх; Үндэсний бичгийн нэгдсэн цахим хуудас (portal site)-ыг үүсгэж, хөгжүүлэх;
- Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019, 2022 онд хийгдсэн Төрийн албан хаагчийн Монгол бичгийн мэдлэгийн түвшнийг тогтоох гурав дахь шатны судалгааг 2024 авч, үндэсний бичгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;
- Кирил бичгийн зөв бичих дүрэм, толийг дагаж мөрдөх ажлыг олон нийтэд сурталчлах, хэвшүүлэх; Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншдаг ном хэвлэлийн агуулгад үндэсний агууламжтай зохиол бүтээлийг түлхүү оруулах, түгээх ажлыг төрийн дэмжлэгээр зохион байгуулах; үндэсний чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газарт уриалжээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар