Нарны хороолол, Алтай хотхон орчимд улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр явган хүний гүүрэн гарц барьсан талаарх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна.
Тэгвэл энэхүү гүүрэн байгууламжийн бодит төсөвт өртөг, зардлын талаар Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатараас тодруулснаа хүргэе.
Тэрбээр “Алтай хотхон, Нарны хороолол нь манай дүүргийн хоёр том хэсэг. Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд харьяалагдах энэ хэсэгт нийт 50 мянга гаруй оршин суугч амьдарч байна.
Өөрөөр хэлбэл дунд хэмжээний аймгийн төвийн хүн амтай дүйхүйц төвлөрөлтэй.
Нарны гүүрнээс дунд голын гүүр хүртэл хөдөлгөөнд оролцож буй машинууд маш хурдтай явдаг. Тэр хавьд явган хүний цагаан зураас байдаг ч гэрлэн дохиогүй бөгөөд нийт зургаан эгнээтэй өргөн зам. Ийм учраас осол аваар гарах өндөр эрсдэлтэй хар цэг гэж хэлж болно.
Явган хүний гүүрэн гарцны зураг төслийг мэргэжилтнүүд 2022 онд анх гаргаж байсан. Тодруулбал 60 метрийн урттай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замтай байхаар тусгагдсан байдаг.
Төсөв нь 1.4 тэрбум төгрөгөөр батлагдаж, 2022 оны улсын төсөв болон Зам тээврийн сайдын багцад суугаад тендер сонгон шалгаруулалт анх зарлагдсан ч амжилтгүй болсон.
Улмаар манай төлөөлөгч нар дэмжсэнээр 2023 онд дүүргийн төсөвт санал гаргаад батлагдсан байдаг” гэлээ.
“Явган хүний гүүрэн гарцны өнгө үзэмж нь өмнөхөөсөө сайжирсан”
Үргэлжлүүлэн “Оршин суугчид явган хүний гүүрэн байгууламжийн талаар эерэг сэтгэгдэлтэй байна. Шүүмжилж байгаа асуудал бол зүгээр улс төр. Нийгмийн сэтгэл зүйг үймүүлж байна.
Улаанбаатар хотын түгжрэлийг үүсгэж байгаа хамгийн ачаалалтай цэгүүдийн нэг. Нарны хороолол орчимд нийслэлийн гол түгжрэл үүсдэг. Гүүрэн зам бий болсноор түгжрэлийг бууруулна. Нийслэлд олон гүүрэн байгууламж шаардлагатайг мэргэжлийн хүмүүс ч хэлдэг.
Гүүрэн байгууламжийн өнгө, мөнгөний асуудалд захиалагчийн зүгээс санал гаргасан.
Анхны зураг төсөлд тусгагдсанаар цэнхэр өнгө нь зохихгүй байна. Цаад талын Нарны хороолол улаан хүрэн өнгийн фасадтай, нарны гүүрний хоёр хажуу талын төмөр ч ийм өнгөтэй. Тийм учраас улаан хүрэн өнгө нь илүү зохицож байгаа.
Ингэснээр өнгө үзэмж нь өмнөхөөсөө сайжирсан. Анхны зураг төсөлд гурван метр гэж тусгагдсан ч барихдаа 3.6 метр өргөнтэй болгосон.
Задгай гүүрэн байгууламж Монголд тохиромжгүй гэж үзээд битүү болгож байгаа.
Шүүмжлэгч нар биш мэргэжилтнүүдийн харж байгаагаар төсөв маш бага. Одоо ийм гүүрэн байгууламжийг 2.5 тэрбум төгрөгөөр хийж байна. Энэ нь барилгын материал буюу төмрийн үнэтэй холбоотой. Бараа материал нь л 500 гаруй сая төгрөг болж байна.
Аж ахуйн нэгж тендерт орохоороо 20 хувийн татвар төлдөг. Түүнчлэн ажилчдын цалин хөлс, газар доогуурх шугам сүлжээ гэх мэтчилэн олон ажил бий.
Мэргэжлийн байгууллагууд зургийг нь баталж, нийслэлийн ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төвөөс хяналт тавьж байгаа” гэлээ.
“Одоогоор гүүр барих ажил 80 орчим хувьтай үргэлжилж байна”
Мөн өртөг зардлын талаар “Дүүргийн төсөвт 1.5 тэрбум төгрөгөөр тендер зарлаад 1.2 тэрбум болгоод хэмнэж оруулж ирсэн.
Сургууль, цэцэрлэг, спорт заал барьдаг инженерийн туршлагатай барилгын компани энэхүү ажлыг гүйцэтгэж байна. Гүүрэн замын шал халтирдаггүй, дотроо гэрэл гэгээтэй үнэхээр гоё болсон.
Нөгөө талаас 141 дүгээр сургууль руу Алтай хотхоны хүүхдүүд явдаг. Яг ажил цуглах, тарах үеэр зам ачаалалтай болдог, хүүхдүүд зам хөндлөн гүйдэг асуудал байсан.
Хоёр автобусны буудлыг холбосон гүүртэй болсноор аюул ослыг бууруулж байна.
Гүүрний шил нь ирж байгаа, долоо хоногийн дотор дуусгана гэсэн. Одоогоор ажил 80 орчим хувьтай үргэлжилж байна. Шүүмжлээд байгаа хүмүүс энэ хавийн оршин суугч биш, инженер биш, эдийн засагч биш, зүгээр л шүүмжлэгч нар.
Өвөл гүүр барьж байна гэх шүүмж байх шиг байна. Бид газар шорооны ажлаа намар дуусгасан. Төмрийн гагнуурын ажлаа өвөл битүү газар хийж байна. Баярын үеэр дээврийг нь суурилуулсан” хэмээн хэллээ.