Улс төрийн хүрээнд өнөөдөр хачирхалтай гэмээр үйл явдал болов. АН-ын дотоод зөрчил дээр хамгийн их хурцдаж байсан тамганы маргаан эцэслэгдэж, АН-ын удирдлагууд бие биенээ хүлээн зөвшөөрч тамга тэмдэгээ албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энэхүү үйл явдал өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ардчиллын эцэг гэгдэх Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөртэй давхцаж буйгаараа онцлог юм.
Энэ өдөр АН-ын дарга Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар хамтдаа С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн өнгөрсөн хугацаанд АН-ыг дотор нь хагаралдуулж, хоёр талцуулаад байсан тамганы асуудал нэгдсэн ойлголтод хүрч Ардчилсан Намын дарга Лувсаннямын Гантөмөрт С.Эрдэнэ АН-ын тамгыг албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэ үеэр АН-ын удирдлагууд дараах мэдээллийг өгсөн юм.
С.Эрдэнэ: Нэг намын дарангуйлалтай тэмцэх цорын ганц хүчин бол АН
-Өнөөдөр АН-д үүсээд байсан зарим асуудлыг цэгцэлж, ардчилсан нам нэгдсэн зорилготой, нэг удирдлагатай улс орны олон чухал асуудлыг шийдэх шийдэл олсон сайхан өдөр тохиож байна.
Нийгэмд өнөөдөр Ардчилсан нам эв эеэ олж, нэгдсэн ойлголтод хүрч, нэг намын дарангуйлалтай тэмцэх цорын ганц улстөрийн хүчин бол АН гэдгийг Монголын ард түмэн харж байгаа.
Ардчилсан нам одоо иргэдийн цөхрөлийг барсан эдгээр асуудлыг ярих бус шийдвэрлэх алхам руу орно. Өнөөдөр АН-ын удирдлагын түвшинд бие биенээ хүлээн зөвшөөрч ажлаа албан ёсоор хүлээн авч байна.
Энэ хүндтэй үүргийг хүлээж авсан Л.Гантөмөр даргадаа амжилт хүсье. Улс орны өмнө тулгамдсан олон асуудлын шийдлийг олж, ардчилал, шударга ёсны тугийг өндөрт өргөж явна гэдэгт итгэж, 100 хувь дэмжиж байгаагаа илэрхийлье” гэв.
АН-ын дарга Л.Гантөмөр: Ардчилсан нам өнөөдөр бүтэн болж байна
– “Монгол Улсад өнөөдөр ус агаар мэт хэрэг болж байгаа зүйл бол эв нэгдэл. Би өнөөдөр ханиадтай байгаа юм. Өнөөдрийн арга хэмжээнд амны хаалттай сууж байгаа нь цар тахлыг бас сануулах гэсэн юм.
АН дуртайдаа хэрэлдэж, талцаагүй. Үүнийг зарим иргэд АН коронотай болсон гэж ярьдаг болсон. Үнэхээр цар тахал дэгдсэн он жилүүдэд хүмүүс бие биетэйгээ уулзаж, ойлголцож чадахгүй байсан. Тэр цаг үеийг сануулж өнөөдөр энэ арга хэмжээнд амны хаалттай оролцож байна.
Коронагийн он жилүүдэд хүмүүс хоорондоо уулзаж, ойлголцож чадахгүй байсан. Тиймээс АН төдийгүй монголчууд эв эеийг хичээж, ойлголцох нь чухал. Хүмүүс ч тэр, улс төрийн хүчнүүд ч тэр бие биетэйгээ ойлголцож чадвал асар их боломжуудыг бий болгоно. Ойлголцож чадахгүй бол төрийн ажлууд хэрхэн гацаж болдгийг бид олж харлаа.
Өнөөдөр 2023 оны 04 сарын 20. Монголын ардчилсан хувьсгалын удирдагч, ардчиллын эцэг С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр Ардчилсан намын тамга шилжин ирж байна. Өнөөдөр Ардчилсан нам бүтэн болж байна.
АН бол олон ургалч үзлийг шингээж чаддаг улс төрийн хүчин. Хоорондоо маргаж мэтгэлцэх зүйл цаашид ч олон гарна. Энэ бүх олон ургалч үзлийг шингээж чаддаг институт байх болно.
АН Монголын ард түмэн улс төрийн хооронд гүүр нь болж ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд ардчиллын төлөө үзэл санаа, үнэт зүйл дээрээ тууштай байсан ардчиллыг дэмжигч мянга, мянган гишүүддээ талархал илэрхийлье” гэсэн юм. Ингэснээр АН-ын шинэ дарга эрхзүйн хүрээнд зөвшөөрөгдөж, тамга тэмдгээ албан ёсоор хүлээн авлаа. АН-ын удирдлагууд нэгдэж ажиллах болсноо ийнхүү зарласан юм.