“Тавантолгой түлш” компанийн талаар 50 хуудас баримт бүхий материалыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т шалгуулахаар хүргүүлж байгаа талаараа сануулга.мн сайтын сэтгүүлч, иргэн Б.Галмандах мэдээлэл хийв.
Тэрбээр “Манай сайтын зүгээс тус компанитай холбоотой “Утаагаар мөнгө хийгсэд” цуврал 10 нийтлэлийг нотлох баримтад тулгуурлан гаргаж байсан.
1,500,000 гаруй хүн ам амьдарч байгаа Улаанбаатар хотын утаа гамшиг болоод удлаа. Ханиад томуу, хорт хавдрын тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгаа нь үндэстний аюулгүй байдалд ноцтой зөрчил үүсгэж байна” хэмээн хэллээ.
Үргэлжлүүлэн “Түүхий нүүрсийг халж, сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн 2019-2020 оны өвөл агаарын бохирдол буурч, утаа багассан боловч дараа жилээс нь үр дүнгээ өгсөнгүй гэж хэлж болно.
Төрөөс жилээс жилд их хэмжээний зардал гарган татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж, ойролцоогоор 3.6 их наяд төгрөгийн зардал гаргасан ч бид хүссэн үр дүндээ хүрсэнгүй. Харин ч агаарын бохирдлоос мөнгө хийгчид төрж, тэнд удирдах албан тушаал хашсан хүмүүс тэрбумтан болтлоо хөлжлөө.
Манай сайтаас “Утаагаар мөнгө хийгсэд” хэмээн нотлох баримт бүхий цуврал нийтлэл бичсэн. Гэвч түүний мөрөөр хэн ч шалгалт явуулсангүй. Хууль хяналтынхан анхааралдаа авч ажилласангүй” гэж ярилаа.
Дараах есөн асуудлыг хөндөж АТГ-т хүсэлт өгч байна. Үүнд:
- Сүүлийн таван жилд ажилласан “Тавантолгой түлш” компанийн үе үеийн удирдлагууд, газар хэлтсийн дарга нарын санхүүгийн захиран зарцуулалтыг шалгах
- “Тавантолгой түлш” компанийн томилгоо, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдан авалт зэрэг үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон нэр бүхий улс төрчтэй холбоотой эсэхийг шалгах
- Энэ үйлдвэрт ах дүү, амраг садан, анд найзуудаа авч ажиллуулж, хамгийн ашигтай албан тушаалуудад томилж, улмаар ургийн сүлжээ бий болгон тендер худалдан авалт, тээвэр түгээлтийг хуу хамдаг бүлэглэл үүссэн эсэх
- Сонгинохайрхан дүүргийн МАН-аас идэвхтэн сонгуульт ажилтан, гишүүн зэрэг 100 гаруй хүн “Тавантолгой түлш” компаниас сул цалинждаг эсэх
- Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа түүхий эд, барьцалдуулагчийг ямар компаниуд хаанаас, ямар үнээр хэрхэн оруулж ирж, нийлүүлдэг. Үүнд авлигын ямар хамаарал байж болох тухайд
- Нүүрсний сонсголын хүрээнд “Тавантолгой түлш” компанитай холбоотой яригдсан архивын баримтад тусгасан шуудайн тендерт ТУЗ-ийн гишүүн оролцсон, компани нь ашиггүй байхад ТУЗ-ийн гишүүд өөрсдөө урамшуулал авсан зэрэг асуудал
- “Тавантолгой түлш” компани шилэн дансаа хөтөлдөггүй. Санхүүгийн тооцоогоо ил болгодоггүйн цаана ямар ашиг сонирхол нуугдаж байгаа эсэх
- “Тавантолгой түлш” компанийн баруун үйлдвэрийн дарга, Чанар хэлтсийн дарга нарыг залилан, авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгасан гэх боловч асуудал намжсан
- Барьцалдуулагч судлах нэрээр зуны гурван сарын хугацаанд хэдхэн хүн буюу өөрсдийн багийн гишүүдээ авч явж, гурван удаа БНХАУ руу 100 сая төгрөгийн томилолтоор явсан, арванхоёрдугаар сард болсон нүүрсний сонсголын үеэр барьцалдуулагчийн төлбөрийг ажилтны хувийн данс руу шилжүүлсэн мэдээлэл гарсан.
“Тавантолгой түлш” компанийн нэр бүхий албан тушаалтнууд барьцалдуулагчийг өөрсдөө оруулж ирж, мөнгийг нь өөрсдөө авдаг юм биш биз хэмээх хардлагыг төрүүлж байгааг тус тус шалгаж өгөхийг хүсэж байгаагаа хэллээ.