Өмнөд Солонгосын засгийн газар гадаад оюутнуудын эцэг эхчүүдэд сургуулийнх нь ойролцоо хөдөө аж ахуй, загасны аж ахуйд ажил хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх туршилтын хөтөлбөр эхлүүлэхээр болсныг тус улсын хууль зүйн яам Ням гарагт мэдэгджээ.
Ийм оюутнуудад тавих шалгуур нөхцөл нь нийслэл Сөүл хотоос гадна орших сургуульд нэг жилээс дээш хугацаанд суралцсан байх, эцэг эх нь хүүхдийнхээ сургууль оршдог бүс нутагт найм хүртэл сарын хугацаанд улирлын чанартай ажил эрхлэх боломжтой байх гэнэ.
Туршилтын хөтөлбөр энэ оныг дуустал үргэлжлэх юм байна. Оюутны эцэг эхчүүд 55 хүртэл настай, эрүүл мэндийн асуудалгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх ёстой ажээ.
Хүүхэд нь бас Солонгосын хуулийг зөрчиж байсан түүхгүй, төгсөх хүртэл хоёроос дээш семестрийн сургалт үлдсэн байх ёстой юм байна.
Гэхдээ хэлний сургалтад хамрагдаж буй гадаад оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдахгүй гэнэ.
Өмнөд Солонгосын эрх баригчид өмнө нь тус улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэдийн ар гэрийнхэнд ажил эрхлэх зөвшөөрөл олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн нь сайн үр дүнтэй болсон тул оюутнуудын эцэг эхчүүдэд энэ хөтөлбөрөө өргөжүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Korea Times