Ирэх долоо хоногоос хүйтний эрч буцаад чангарч, давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүсэх эрсдэлтэйг анхааруулж буй. Энэ тухайд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд анхаарч ажиллахаас гадна аж ахуй нэгжүүдийг ч идэвхтэй байхыг зөвлөжээ. Учир нь, аж ахуй нэгж өөрийн эзэмшлийн бүсийн талбайн цас мөсөө цэвэрлээгүйгээс иргэн унаж бэртвэл хохирлыг барагдуулахаас гадна торгуулах заалттай байна.
“Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж:
-Цаг агаар хүйтэрсэн үед зам цэвэрлэгээний байгууллагынханд хүндрэл их гардаг. Давс, бодисыг шөнийн цагаар цацахаар маш хүйтэн учраас хайлах нь бага. Тиймээс өглөө, өдрийн цагаар цацах нь илүү дүр дүнтэй.
Түгжрэл ихтэй үед цэвэрлэгээний машин ирэхгүй, ажил удааширдаг.
Давс, бодис цацсаны дараагаар хайлсан хэсгийг шуурхай цэвэрлэн, тээвэрлэж байгаа. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан давс, бодисыг технологийн дагуу цацаж байна. Зам цэвэрлэгээний ажилтнууд бүгд уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн гэр хорооллын болон гол гудамж, замд хайрга, дайрга цацаж эхэлсэн.
Аж ахуй нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан их цэвэрлэгээний хуваарь гэж байдаг.
Үүний дагуу дүүргүүд болон байгууллагууд цэвэрлэгээгээ хийгээд явбал иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдэх боломжтой. Хот тохижилтын газар болон УБЗАА-тай гэрээтэй 15 хувийн байгууллага бий. Үүнээс гадна 23 байгууллага зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажиллаж байна. Зуны улиралд цэвэрлэгээний ажил өглөөний 05:00 цагаас эхэлдэг бол өвлийн улиралд 06:00 цагаас эхэлдэг. Харин ойрын өдрүүдэд илүү цагаар ажиллаж байгаа.
ИРГЭД ХОХИРЛОО НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ
Аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд өөрийн байгууллагын ойр орчмын 50 метр зам талбайн цас, мөсийг арилгах үүрэг хүлээдэг, арилгаагүйгээс хүн халтирч бэртсэн бол хохирлоо барагдуулах эрхтэй. Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор баталсан журамд “Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь өөрийн баталгаажсан 50 метр эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх үүрэгтэй” хэмээн заасан байдаг.
Уг тогтоолын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, цас мөсөө цэвэрлээгүй иргэнийг 50 нэгж, байгууллагыг 500 нэгжтэй тэнцэх мөнгөн торгуулиар торгох заалттай.
Мөн цас мөсөө цэвэрлээгүйн буруугаас иргэн халтирч бэртсэн, автомашин мөргөлдсөн бол Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу “Бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан” хэмээн үзэж, гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг зохицуулалттай.