Испани улс дауны синдромтой анхны парламентын гишүүнээ сонгосон байна. Мал Галсеран нь Испанийн зүүн хэсэгт орших Валенсиа мужийн чуулганы гишүүн болжээ.
Тэрбээр Европын бүс нутгийн эсвэл үндэсний парламентад дэвшсэн анхны генетикийн эмгэгтэй хүн юм. 45 настай тэр 18 настай байхдаа Испанийн консерватив үзэлтэй Ардын намд элсэж, тэр цагаас хойш улс төрд идэвхтэй оролцож ирсэн байна.
Галсеран “The Guardian” агентлагт ярилцлага өгөхдөө хүмүүс өөрийг нь хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь бус хувь хүн хэмээн хараасай гэж хүсэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр нэмж “Дауны синдромтой хүмүүс нийгэмд оруулах хувь нэмэр их гэдгийг хүмүүс одоо анзаарч эхэлж байна” гэсэн юм.
Испанийн нэр бүхий улс төрчид түүнд албан үүргээ хүлээн авсанд нь баяр хүргэж, сайшаасан байна. Тухайлбал Валенсиа мужийн захиргааны газрын ерөнхийлөгч Карлос Мазон “Улс төрийн салбарт саад тотгорыг давж байгааг харуулсан сайхан мэдээ байна” хэмээжээ.
“Down España” нэртэй Испанийн Дауны синдромын нийгэмлэгийн ажилтан Агустин Матиа Амор “Өөр Дауны синдромтой хүн ийм албан тушаалтд гарсан талаар огт сонсож байгаагүй. Энэ тохиолдол бусад хүмүүсийн оролцоог дэмжих ажилд урагш ахиц гаргасан бодит жишээ болж өглөө ” гэсэн байна.
Эх сурвалж: BBC