Луу жилд төрсөн хүүхэд бусдаас илүү азтай байдаг гэх яриа Хятадад бий. Хятадын төрөлтийн статистик тоо баримтыг харахад хүртэл луу жилд илүү олон хүүхэд төрсөн байдаг аж. 2000 оны луу жил гарахад Хонгконгод төрөлт таван хувиар нэмэгджээ. Харин Хятадад 2012 онд төрөлт өмнөх оноосоо 950 мянгаар өссөн байна. Луу жилд олон хүүхэд төрдөг учир сонгосон сургуульдаа ороход хүртэл маш өрсөлдөөнтэй байдаг аж.
Хятад зурхайн цорын ганц домогт дүр нь луу бөгөөд хүч чадал, агуу байдлын бэлгэдэл. Хаврын баяр дөхөх тусам Хятадын цахим сүлжээнд “луу жилтэй хүүхэд” гэсэн утгатай хайлт тренд болж байна.
Луу жилд төрсөн хүүхдүүд азтай гэдэг яриа дэмий нэг гараагүй аж. “Human capital” сэтгүүл 2020 онд луу жилд төрсөн хятад хүүхдүүдийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ гэр бүлийн байдал, сургуулийн шалгалтын оноо, коллежийн элсэлтийн шалгалтын дүнг нь харсан байна. Эцэст нь луу жилд төрсөн хүүхдүүд бакалаврын зэрэгтэй болох магадлал бусдаас 14 хувиар илүү байдгийг тогтоожээ. Мөн эдгээр хүүхдийн эцэг эхчүүдийн хүүхэддээ итгэх итгэл бусад ордны хүүхэдтэй эцэг эхчүүдийнхээс хамаагүй өндөр байжээ.
Эх сурвалж: SCMP