Монголын боксын спортод нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал бол Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулсан сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс 2023.03.22-нд Монголын баг хоёр дахь медалийн болзол хангасан явдал байлаа. Спортод хайртай монгол түмнээ огшоож, өндөлзүүлж чадсан “Алдар” спорт хорооны тамирчин, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга М.Энхжаргалыг “Спорт” булангийнхаа зочноор урьж ярилцлаа.
–Юуны өмнө баяр хүргэе. Амаргүй тулаануудын ард гарч, амжилтын тавцанд зогсож чадлаа. Өрсөлдөгчдөө хэр судалсан бэ?
-Баярлалаа. Миний жинд 41 тамирчин тоглосон. Тэдэнтэй тэмцээн өндөрлөх хүртэл хүндхэн тулаан өрнүүлж, ард нь гарах амаргүй байлаа. Бид нар тэнд очсон даруйдаа утсаа хураалгасан болохоор өрсөлдөгчдөө судлах ямар ч боломж гараагүй. Тиймээс маргааш нь хэнтэй тулалдахаа сайн мэдэхгүй дэвжээнд гарсан. Эхний тоглолтоо Вьетнамын тамирчин Ти Ким Антай хийж, 5:0- ээр хожсон. Тоглолтын II үед давшиж, буланд шахан тулалдсан ч шүүгчид түүнд илүү оноо өгч харагдсан. Шийдвэрлэх III үед ядарч цуцахад нь зогсолтгүй довтолж, хүнд цохилтуудаа оновчтой болгосноор өрсөлдөгчөө тоолуулсан. Хоёр дахь тоглолтдоо Марокко улсын Видад Берталтай таарсан. Бидний хэн ялсан нь шигшээ 16-д шалгарах байсан. Өрсөлдөгч маань надаас хүч, бяраар илүү байсан учраас дэвжээнд хэн хэнд нь ур чадвараа харуулж, тэмцээнээ үргэлжлүүлэх нь чухал байсан. Түүнийг буулгаж авахын тулд толгойгоо түрүүлж ажиллуулах хэрэг гарсан юм. Тэр үед багш нарын минь зөв лөгөө, тактик их тус болсон. Тоглолтын дундуур багш нар маань “Миний охин ядрахгүй шүү, тэвчээртэй байгаарай. Ялахын тулд бүхнээ гаргаж тулалд” гэж урам өгч зоригжуулсан. Ямартай ч энэ бүхний ард амжилт гаргаж чадсандаа баяртай байна.
-Бразилын тамирчин Татиана Чагастай хийсэн тоглолт үзэгчдийг бас их өндөлзүүлсэн. Тамирчны хувьд бас нарийн тактиктай тулалдсан байх?
– Бразилын Татиана Чагас миний хувьд хүчирхэг өрсөлдөгчдийн нэг байсан. Тоглолтын эхний үед шүүгчдээс тааруухан үнэлгээ авсан ч дараагийнхад нь сайн тулалдаж, түүнийг 4:1-ээр илүүрхэж, медалийн төлөө тоглохоор шалгарсан. Тэр тоглолт амжилтын минь хувь заяаг шийдэх болохоор их хичээсэн. Тиймээс учраа таарсан бүх өрсөлдөгчөө ялахын тулд ядраах төлөвлөгөөг боловсуулсан. Шүүгчдэд тэвчээр гаргаж, ядаргаагүйгээ харуулах тактиктай тулалдаж, III үед цохилтынхоо тоог ахиулан өөрийгөө илүү гэдгээ харуулахыг зорьсон. Бусад орны дасгалжуулагчид Монголын тамирчдын тулааныг судлахын тулд дэвжээ тойрч зогсоод тэмцээн өндөрлөсний дараа бэлтгэлийн заал руу явдаг байсан. Бидний хувьд ч бас тэмцээний өдөр хоногуудыг завгүй өнгөрүүлсэн.
-Хүрэл медалийн төлөөх тулаан таныг дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтах, эсэхийг олон талаар сорьсон байх. Италичуудын хувьд, Савчук Оленаг тасралтгүй дэмжиж, зоригжуулж байгаа харагдсан?
-Шигшээд үлдэх, эсэхийг олон талаар сорьж шалгасан нь тамирчдын хувьд маш хүнд байсан. Медалийн төлөөх тоглолтын өмнөх өдөр хэрхэн тулалдах бол гэж их сандардаг юм билээ. Тиймээс сэтгэлзүйчийн зөвлөсөн бүхнийг нэг бүрчлэн анхааралтай сонссон. Өглөө боссон даруйдаа сэтгэл зүйгээ бэлдэж, аль болох тайван байхыг хичээж байсан. Тоглолтын үе бүрт тактикийн дагуу тулалдан, өрсөлдөгчөө ядрааж цуцаасан. Түүнтэй хүчтэй мөргөлдөж, толгой өвдөж байсан ч энэ бол медалийн төлөөх хамгийн чухал тоглолт гэж өөрт хэлээд үргэлжлүүлсэн. Ямартай ч өрсөлдөгчдөө ялах боломж олгохгүй довтолсоор 5:0-ээр хожиж, хүрэл медалийн болзол хангачихаад их баярласан. Тэр үед догдолсондоо болоод толгой хагарч, цус гарсныг ч анзаараагүй.
Медалийн төлөөх тоглолтын өмнө Л.Алтанцэцэг эгчид “Хоёулаа чадна аа” гэж хэлээд гарсан. Медаль гардсаны дараа “Бид чадлаа” гээд баяртайгаар тэврэлдээд инээлдсэн. Бид өмнө нь нэг жинд цөөнгүй таарч, медалийн төлөө шалгарч байсан. Бэлтгэлд гарсан үедээ түүнтэй нэг өрөөнд байрлаж, хүсэл, мөрөөдлийнхөө тухай ярилцдаг байсан. Ажил амьдрал дээр ч, спортын дэвжээн дээр ч үргэлж бие биенээ дэмжиж ирсэн эгчийнхээ дайчин, тууштай зан чанар, хэзээ ч бууж өгдөггүй тэвчээрээр бахархдаг.
–Тамирчин хүний хувьд, Дели хотыг зорихдоо та дотроо мэдээж төлөвлөгөөтэй явсан байх?
-Тэгэлгүй яахав, эх орондоо медальтай ирэх зорилго өвөртлөөд, Энэтхэгийг зорьсон. Тэнд хүсэл, мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна. Тамирчин хүний амжилт зөвхөн өөрийнх нь байдаггүй. Миний ард итгэж тусалдаг олон хүний тус дэм бий. Тэднийхээ ачийг амжилтаараа хариулна гэсэн бодол намайг хөглөж, урагшлуулсан. Дэвжээнд гаргах бүртээ эх орон, багш нарын минь хичээл зүтгэл, найдвартай ар тал болж ирсэн гэрийнхэн минь нүдэнд харагддаг.
-Мөнгөн медалийн төлөөх тоглолтыг монголчууд амьсгаа даран хүлээж, аварга болчихоосой гэж ерөөж үзсэн. Тоглолтын өмнө та өөрөө ч бас их гэгэлзэж хоносон байх?
-Мөнгөн медалийн төлөөх тоглолтын өмнө миний нойр хүрээгүй. Сэтгэл санаа тогтворгүй байсан учраас сэтгэлзүйчтэйгээ сайтар ярилцаад тайвширсан. Тэр өдөр “Би энэ бүхнийг яах гэж эхлүүлсэн билээ. Одоо л амжилт гаргахгүй бол хэзээ гаргах юм. Энэ өдрийг маш удаан хүлээсэн. Тиймээс зоригтой тулалдаж ялна” гэж өөрийгөө хурцалсан. Тэр тулаанд надаас олон эгч, туршлагаар илүү өрсөлдөгчдөө бууж өгөхийг хүсээгүй. Түүний алдар нэртэй нь бус, амжилттай нь тулалдах үүрэг хариуцлага ирсэн учраас бүхнээ шавхаж тулалдсан. Өөрийгөө хожчихлоо гээд бодтол харамсалтай нь шүүгчдийн саналаар түүнд ялагдсан юм. Хэдийгээр түүнд хожигдсон ч надад суралцсан зүйл их байсан. Би Монголынхоо тамирчдаас ОУХМ Т.Болортуул эгчийг хүндэлж, үлгэр дуурайл авдаг. Миний өрсрөлдөгч Колумбийн тамирчин яг түүн шиг үлгэр дуурайл болж чадах боксчдын нэг байсан. Тамирчин хүн өрсөлдөгч бүрээсээ суралцаж байдаг. Тийм болохоор хойшид өөртэйгөө шаргуу ажиллаж, чаддаг бүхнээ төгс болгочихоод дараагийн ДАШТ-д таарах өрсөлдөгчдөдөө “бэлэг барина” гэж бодож байгаа.
–Дэлхийн дэвжээнд тэмцээнд ороход тамирчид хувийн бэлтгэл сайтай байхаас гадна сэтгэлзүй тогтвортой байх нь бас их чухал юм байна?
-Тэгэлгүй яахав. Бидэнтэй хамт явсан эмч, сэтгэлзүйч маш их түшиг тулгуур болсныг дурдах нь зүйтэй. Тэд багш нараас минь дутахгүй зоригжуулж, тоглох бүрт бэртэл авахгүй байх талаар зөвлөдөг байсан нь амжилт гаргахад их нөлөөлсөн. Тамирчдынхаа сэтгэл зүйг Б.Золзаяа эгч сайтар ажиглаж, цаг тутамд зөвлөсний ачаар хүнд тулаануудын ард амжилттай гарсан. Тамирчдад тэмцээний үед сэтгэлзүйн зөвлөгөө чухал болохыг бидэнд ойлгуулсан.
-Том амжилтын ард гэр бүл, арын албаныхан бас баярлаж суугаа байх. Баяр хүргэсэн урмын үг их ирж байна уу?
– Би ойрд баяр хүргэсэн утасны дуудлага, урмын үгэнд бялуурч байгаа. Тоглолт бүрийг минь үзсэн олны сэтгэгдлийг нэгбүрчлэн уншиж, хэрэг болох зүйлийг нь өөртөө шингээн авч байна. Тэмцээний үед тоглолтдоо анхаарал хандуулаад аав, ээжтэйгээ холбогдож амжаагүй. Ах, дүүс минь надтай холбогдохыг хичээж, тоглолт бүрийн дараа урам хайрласан мессеж бичсэнийг дараа нь харсан. Амжилт бүрийн минь ард гэр бүл, ахан дүүс, спортод хайртай үзэгчдийн минь тус дэм их байдаг шүү гэдгийг энэ дашрамд бас хэлмээр байна.
-Монголын тамирчдад Энэтхэгийн дэвжээ ээлтэй байлаа. Энэ мөчөөс эхлээд та дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагсаж байна. Дараагийн тэмцээнд, ДАШТ-ий хүрэл медальт тамирчин гэж зарлуулаад дэвжээнд гарах нь дээ?
-ДАШТ-ээс хүртсэн хүрэл медаль минь харах бүрт сайхан дурсамж төрүүлэх болохоор шагналынхаа хамгийн дээр зална. Эх орондоо ирээд энд тэнд уулзалтад зочноор уригдаж их очиж байгаа учраас медалиа цүнхэндээ хийгээд их явж байна. “Би ингээд дэлхийн тамирчин боллоо” гэж бодохоор өөртөө итгэхгүй өдрүүд ч олон байна. Миний хувьд, гавьяат тамирчин М.Нандинцэцэг эгч Энэтхэгийн дэвжээнээс 2018 онд анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан баярт үйл явдлыг одоо ч мартдаггүй юм. Тамирчин байх сайхаан. Миний хувьд түүний бахархам амжилтыг үргэлжлүүлж, энэ спортоор хичээллэдэг охидод урам өгч, хичээвэл зорьсондоо хүрч болдог гэдгийг ойлгууллаа гэж бодож байна.
–Магадгүй, хэцүү санагдаж, шантармаар өдрүүд цөөнгүй байсан байж таарна. Өнөөдөр энэ бүхнийхээ үр дүнг үзлээ?
-Тийм шүү, бэлтгэл хийсэн хором бүр энэ бүхэнд бэлтгэгдэж байсан. Амаргүй санагдсан болгон намайг хурцалж, хатуужил тэвчээрээс суралцах сэтгэлийн хаттай болгосон. Унаж боссон өдрүүд минь надад ухаан хайрлаж, тууштай хичээллэсэн зүтгэл минь амжилтаас атгууллаа. Тиймээс багш нартаа, гэр бүлийнхэндээ, намайг дэмжиж тусалдаг бүх хүнд баярлалаа гэж дахин хэлье.
-Зэвсэгт хүчний байгууллагад ажиллах тамирчин хүнд бас үүрэг хариуцлага, сахилга баттай байхыг давхар сануулдаг байх?
-Би зэвсэгт хүчний 065 дугаар ангид планшетээр ажилладаг. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийхэд хамт олон минь их тусалж дэмждэг. Ээлжид 24 цаг гарч, буусан даруйдаа бэлтгэлээ үргэлжлүүлэхэд манайхан “Чи ядарна шүү дээ. Сайн амарч байгаарай. Тэвчээртэй, эрч хүчтэй, дайчин эмэгтэй шүү” гэж санаа тавьж хэлдэг. Энэ бүхэн маань намайг их зоригжуулж, урам өгдөг. Арми ямар ч хүнийг тэвчээр хатуужилд сургадаг. Эх орон минь гэж бодохоор өөрийн чаддаг зүйлээрээ хувь нэмэр оруулахыг хүсдэг. Тийм ч учраас Монголын боксын холбоо, тус холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар, “Алдар” спорт хороо болон, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хамт олон, амжилтад хүргэж, медалиас атгуулсан Гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр багш нартаа, мөн МҮОХ, БТСУХ, үндэсний шигшээ багийн хамт олон, гэр бүл, ах дүүс, найз нөхдөдөө талархсанаа илэрхийлье.