Латви улс согтуу жолооч нараас хураасан 271 тээврийн хэрэгслийг энэ сарын дундуур Украинд илгээжээ. Машинуудын нийт үнэ ойролцоогоор нэг сая евро болсон. Цаашдаа 161 мянга гаруй еврогоор үнэлэгдэх 34 машиныг дахин Украинд нийлүүлэхээр Латвийн засгийн газар хэлэлцэж байна. Машиныг шилжүүлэх шийдвэрийг тухайн тохиолдол бүрт Латвийн Сайд нарын танхим гаргана.
Тус улсын парламент Украины ард иргэдийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санал нэгтэй баталсан. Энэ өөрчлөлтийн хүрээнд улсад хураан авсан тээврийн хэрэгслүүдийг Украинд үнэ төлбөргүй хүргэх болжээ. Өнөөг хүртэл Латвиас Украин руу нийт хоёр сая еврогийн үнэ бүхий 1100 гаруй тээврийн хэрэгслийг илгээсэн.
“Согтуу жолооч нараас хураасан машиныг зарах, дахин боловсруулах, эд анги болгон задлах боломжтой. Өнөөгийн нөхцөлд эдгээр машин нь Украины ард түмэнд ашигтай дэмжлэг болно” гэж Латвийн Батлан хамгаалах комиссын дарга Раймондс Бергманис хэлжээ.
Хураагдсан машинуудыг Украины Винница мужийн клиник эмнэлэг, Купьянскийн зөвлөлийн нутаг дэвсгэрийн эмнэлгийн холбоо, цэргийн ангиуд хүлээн авчээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA