1980-аад оны үед дэлхийн хэд хэдэн оронд ашиглаж байсан эмчилгээ маш ховор тохиолдолд Альцхаймерын өвчин үүсгэхэд нөлөөлсөн байх магадлалтай гэж эрдэмтэд үзжээ.
Лондоны их сургуулийн коллежийн эрдэмтэд хүний өсөлтийн даавар тариулсны улмаас Альцхаймерын шинж тэмдэг илэрсэн гэх таван тохиолдлыг шинжилсэн судалгаагаа “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Судлаачдын үзэж буйгаар тэдгээр таван өвчтөн хүүхэд байхдаа нас барсан хүний биеэс авсан өсөлтийн хормон (c-hGH) тариулжээ. Гол нь тус тариа Альцхаймерын өвчний үед тархинд хуримтлагддаг уургаар бохирлогдсон байсан юм.
Их Британид “c-hGH”-ийг 1959 оноос 1985 оны хооронд 1,848 хүний эмчилгээнд ашигласан байна. Гэвч тус эмээс Крецфельд-Якобын өвчин гэгддэг үхлийн аюултай тархины өвчнийг үүсгэдэг уураг илэрсний дараа ашиглахаа больжээ.
“Nature” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаа нь Альцхаймерын өвчинтэй холбоотой амилойд уураг “c-hGH”-ийг тарьж байхад тархсан байж магадгүй гэж дүгнэсэн байна. Тус судалгааг ахалж бичсэн профессор Жон Коллинж “Альцхаймерын өвчин өдөр тутмын хүмүүс хоорондын харьцаа, эмнэлгийн үйлчилгээ авах үед халдварлах магадлалтай гэж огт санал болгоогүй” хэмээсэн юм.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Судалгаанд дурдсан хүмүүс өвчинтэй холбоо бүхий уургуудаар бохирлогдсон болох нь олон жилийн өмнө тогтоогдон ашиглахаа больсон эмчилгээнд орж байсан” гэжээ.
Эх сурвалж: BBC