Гэр хорооллыг дахин төлөвлөх зургаан дэд төвийн нэгд “Сэлбэ дэд төв” багтаж буй. Энэ хүрээнд тус бүсийн 158 га газрын 2000 нэгж талбар дахь айлуудын газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн. Ингэхдээ, тус бүсийн иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Нүүлгэн шилжүүлсэн 24 сарын хугацаанд орон сууц түрээслэн амьдрах зардлыг нийслэлээс олгоно. Энэ үед Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг босгож, тус бүсийн хөрс, агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг шийдэхээр төлөвлөөд байгаа юм.
Тэгвэл “Сэлбэ дэд төв” орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төслийг боловсруулах ажлын тендерийг өнгөрсөн даваа гарагт зарлалаа. Дэлгэрүүлбэл, дээрх үйлчилгээг 3.8 тэрбум төгрөгөөр цогцлуулна хэмээсэн байна. Оролцогчийн материал хүлээн авах сүүлийн хугацааг хоёрдугаар сарын 06-ны өдрийг хүртэл хэмээн тусгажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар уг төсөлтэй холбогдуулан “Монгол Улс дэд бүтцээ өөрчлөхгүй бол 21-р зуунд ч нүхэн жорлонд амьдарсан хэвээрээ байх болно. Би сонгуульд зориулж энэ ажлыг хийгээгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хэрвээ сонгуульд зориулан ажиллавал энд тэндхийн бүтээн байгуулалтад очиж тууз хайчлах байлаа. Энэ ажлыг харлуулах гэсэн хэсэг бүлэг нөхдүүд “Гэр хорооллын айл өрхүүдийн газрыг булаан авах гэлээ” хэмээгээд байгаа. Энэ бол булаах тухай асуудал огт биш. Бүхэл бүтэн нийслэл хотын бүтээн байгуулалт, өнгө үзэмж, хоцрогдлын асуудал юм. Тэглээ ч иргэдэд бүтээн байгуулалтын хугацаанд амьдрах тохилог, сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээнд ойр орон сууц түрээслэн амьдрах төлбөрийг нийслэлээс төлнө” гэдгийг онцлоод байсан юм.