Туркийн парламентын гадаад харилцааны хороо Мягмар гаригт Шведийг НАТО-д гишүүнээр элсүүлэх асуудлыг дэмжив. Ингэснээр Скандинавын улсыг элсүүлэх үйл явцад тулгарч байсан бас нэгэн саад тотгорыг арилгалаа.
Шведийн НАТО-д элсэх хүсэлтэд Турк, Унгарын эсэргүүцлийн улмаас хэдэн сарын турш гацаад буй. Саяхан Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Анкарагийн холбоотон АНУ-аас F-16 сөнөөгч онгоц авах хүсэлт гаргасантай холбон ярьсны дараа энэ асуудал улам төвөгтэй болсон юм.
Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсоны дараа Швед, Финланд улсууд төвийг сахих байр сууриа өөрчилж, НАТО-д элсэх хүсэлтийг нэгэн зэрэг гаргасан. Финланд улсыг НАТО-гийн 31 дэх гишүүнээр өнгөрсөн дөрөвдүгээр сард хүлээн зөвшөөрсөн юм.
НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг парламентын хорооны санал хураалтыг сайшааж, Турк, Унгар улсууд соёрхон батлах тухайгаа “аль болох хурдан” дуусгана гэдэгт найдаж байна гэжээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Шведийн гишүүнчлэл нь НАТО-г улам хүчирхэг болгоно” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE PRESS