Шинэ оны анхны ажлын өдөр эхэллээ. Өнөөдөр Төрийн ордонд хэд хэдэн ажлын хэсэг, байнгын хороо хуралдах товтой байв. Гэсэн хэдий ч ажлын эхний өдөр УИХ-ын гишүүд ажилдаа ирсэнгүй. УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаан болон ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаандаа суухаа больсон нь нэг биш нэлээд олон удаагийн тохиолдол юм. Үдээс өмнө буюу 10.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдах ёстой байсан боловч нэг ч гишүүн ажилдаа ирээгүй учраас хуралдаан болсонгүй. Төрийн ордонд гишүүдийн өрөө эзгүйрч, төрийн ажил назгайрав. Харин үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 14.00 цагт эхлүүллээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар нар оролцож байна. Нэр дэвшигчидтэй хийсэн сонсголын дараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэх юм. Шинэ реформ, шинэ тогтолцоо шинэ бүхний эхлэл болсон шинэ оныг хариуцлагагүй, хайнга, хайхрамжгүй хуучин арга барилаар угтаж боломгүй.