Нүүрсний хэргээр АТГ-т шалгуулан, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат гурав хоногийн өмнө БНСУ-аас иржээ. Тэрээр өнөөдөр буюу 2023.04.19-нд АТГ-т биечлэн очиж, тайлбар мэдүүлэг өгсөн байна.
Энэ тухайгаа өөрийн албан ёсны цахим хуудастаа “УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байна.
Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа” гэжээ.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Ж.Мөнхбат Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 3 хоногийн өмнө эх орондоо ирсэн. Түүний хувьд ээжийгээ гадаадад эмчлүүлнэ гэдгээ мөрдөх байгууллагадаа хэлээд явсан. Тэр хүрээндээ буцаж ирээд хэргээ шалгуулж байгаа “гэсэн юм.