УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногийн Баасан гаригт буюу нэгдүгээр сарын 19-нд завсарлуулахаар болжээ. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдээд байна.
УИХ-ын намрын чуулганаар Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах тухай болон гэр хорооллыг барилгажуулах тухай хуулийн төслийг баталсан бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн долоон гишүүнийг томилоод буй. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Элчин сайд нарыг зөвшилцөх асуудал хүлээгдэж байна.
Харин Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцэн, баталж чадах эсэх нь эргэлзээтэй болсон. Уг төслүүдийг Засгийн газар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн ч маргаанууд гараад байгаа юм.
Намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллана. Хаврын чуулганыг ирэх дөрөвдүгээр сард нээнэ.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зургадугаар сарын 28-нд товлосон. Иймээс хаврын чуулган богино хугацаанд хуралдах юм.