Украины Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан хамгаалах яам 36 сар алба хаасан цэргийн алба хаагчдыг халах шийдвэрт хүрчээ. Энэ тухай Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужний Мягмар гаригт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. Гэхдээ энэ нь тодорхой болзолтой. Нэгдүгээрт, идэвхтэй цэргийн хүчийг орлох хүн гарч ирвэл, хоёрдугаарт, фронтод байдал хурцдахгүй бол цэргүүдийг халах юм.
Цэргийн алба хаагчид туйлын хүнд нөхцөлд байгаа тул амрах шаардлагатай. Улс орон энэ үеийг даван туулж чадна гэж найдаж буйгаа Залужный хэллээ.
Гэхдээ нөгөөтэйгүүр 36 сарын хугацааг одоогийн нөхцөлд тийм ч бодитой биш гэдгийг мөн онцлов. “Дайсны довтолгооны эрч нэмэгдэхгүй л гэж найдаж байна. Тэгж байж бид хүмүүсээ сэлгэж чадна” гэж Залужный хэллээ.
Украины засгийн газар энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 25-нд Дайчилгааны болон цэргийн бүртгэл, цэргийн албаны зарим асуудлыг боловсронгуй болгох тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Уг хуулийн төсөлд хугацаат цэргийн алба хаах хугацаа, тэр дундаа байлдааны цагт тасралтгүй 36 сар алба хаасан цэргийг чөлөөлөх зэргийн үндэслэлийг тодорхойлжээ.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE