Үндэстэн дамнасан томоохон компанийн санхүүгийн ажилтнууд луйварчдад хууртан $25 саяыг алдсан тухай Хонконгийн цагдаагийн газар мэдээлжээ.
Луйварчид видео хуралд оролцохдоо тус компанийн санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч болон өөр хэд хэдэн өндөр албан тушаалтны хуурамч дүрсийг хиймэл оюуны технологиор үүсгэсэн юм байна.
Хонконг дахь салбарын ажилтнууд эхлээд Британид байдаг санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөсөө мөнгө шилжүүлэхийг хүссэн цахим шуудан авчээ. Тэд үүнийг луйвар байж магадгүй гэж болгоомжлоод хариу өгөөгүй байна.
Харин дараа нь болсон видео хурал тэдний эргэлзээг арилгажээ.
Ингээд видео хурлын дараа ажилтнууд 200 сая хонконг долларыг ($25.6 сая) хүсэлтийн дагуу шилжүүлсэн байна.
Хонконгийн цагдаагийн газар уг луйвартай холбогдуулан зургаан хүнийг баривчилжээ. Тэднээс Хонконгийн иргэний алдагдсан найман ширхэг үнэмлэх хураасан байна.
Тэд эдгээрийг ашиглан өнгөрсөн оны долоогоос есдүгээр сарын хооронд 54 банкны дансыг ашиглан 90 удаагийн зээл авсан байжээ.
Тэд ингэхдээ 20 тохиолдолд нь хиймэл оюуны технологиор үүсгэсэн бичиг баримтын жинхэнэ эзэмшигчийн царайг ашигласан байна.
Луйвардуулсан салбарын ажилтан сүүлд Британи дахь төв оффистойгоо холбоо барьснаар хуурамч дүрстэй видео хуралд оролцсоноо мэджээ. Хонконгийн цагдаагийн газар ямар нэртэй компани хохирогч болсныг зарлаагүй байна.
Өнөөдөр хиймэл оюуны технологи ашиглан хуурамч зураг, дүрс үүсгэх (deepfake) аргыг янз бүрийн зорилгоор ашигладаг болсон нь дэлхий даяар томоохон асуудал үүсгээд байгаа. Улс орнуудын эрх баригчид уг асуудалд санаа зовж, хэрхэн зохицуулах арга замыг хайсаар байна.
Эх сурвалж: CNN