Засгийн газрын өнөөдрийн /2023.12.27/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Тэрбээр, “Монгол Улс хязгаарлагдмал нөөцтэй. Ийм үед бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх нь чухал. Тиймээс Засгийн газраас өнөөдөр ийм шийдвэр гаргаж байна.
Улаанбаатар нийт хүн амын 43 хувь, хөдөө 47 хувь нь амьдардаг. Үйлчилгээний 80 хувь нь Улаанбаатарт явагддаг болчихсон. ДНБ-ий 63 хувь нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт бий болдог. Тиймээс зөвхөн нийслэлд хөгжил явагдаад бусад нь хоцрогдож байна. Нэг газарт төвлөрснөөс утаа, түгжрэл, агаар, хөрсний бохирдол нэмэгдсээр байна. Тиймээс энэ 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан.
-Өмнө нь олон судалгаанууд хийгдсэн. Нэг хавтгай дээр тавиад үзвэл сонгуулийн бүсчилсэн тойрогтой ижил дүр зураг гарч ирсэн. Баруун аймгаас Баян-Өлгий аймгийг бүсчлээгүй, салгасан. Баян-Өлгийгөөс хүн сонгогдохгүй байх магадлалтай гэдэг үүднээс ийм шийдвэр гарсан. Тэрнээс биш эдийн засгийн хөгжлийн бүсэд баруун 4 аймагтай нэгтгэгдээд явна.
Мөн бүсийн дунд тулгуур төв хэмээн нэг аймгийг онцгойлох нь буруу гэж үзсэн. Аймаг бүр өөр өөрийн гэсэн нөөц, онцлогтой. Түүнийг нь дагуулж хөгжүүлнэ. Түүнээс биш нэгийг нь сонгож авч Засгийн газар концепц гаргасан, танилцуулсан асуудал байхгүй.
Хамгийн гол нь төсвөөс хөрөнгө оруулалт хийгдэх нь хийгдэнэ. Монгол Улсын хөгжлийн тулгуур нь хувийн хэвшил. Эдийн засгийн хөгжлийн хувьд хөрш орнуудтайгаа хэрхэн харилцах вэ гэдгээ анхаарна. Тухайлбал, эдийн засгийн коридорууд бий. Тэрнээс биш зөвхөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүсчлэлийг хөгжүүлнэ гэдэг нь өрөөсгөл. Гэхдээ бүс нутагт боомт, эрчим хүчний, автозам, тээвэртэй холбоотой санхүүжилтийг төр гаргана” гэлээ