Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулбал алтны ханш өндөр хэвээр байна гэж Дэлхийн алтны зөвлөл мэдээлсэн. Гэвч өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүг бууруулах хэмжээнд инфляц буураагүй тул бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч Төв банкнуудын алт худалдан авалт нэмэгдсэнээр эрэлт нь 2023 онд гурван хувиар өсөж 4899 тонн хүрсэн байна. Энэ нь 2023 онд алтны эрэлт дэлхийн хэмжээнд шинэ дээд түвшинд хүрсэн үзүүлэлт юм.
Мөн WGC агентлаг “Алтны эрэлт өндөр байгаагаас үнэ нь 2200 ам.доллар давж магадгүй байна” гэж үзжээ. Алтны үнэ 13 орчим хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ингэснээр алтны спот ханш унц нь 2200 ам.доллароос давж магадгүй гэж Дэлхийн алтны зөвлөл тооцоолсон байв.
Монгол Улсын хувьд Монголбанк 2023 оны 12 дугаар сард 1795 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 17.86 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1961.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1106.9 кг үнэт металл худалдан авчээ. Харин алтны экспорт 40 хувиар буурч, 11.7 тонн хүрээд байгаа аж.