Японд гэрийн тэжээмэл амьтдад зориулсан кафе байдаг. Тэгвэл муур, нохойн кафены араас гахайн кафе нээгдэв. Кафед орвол олон арван гахай энд тэнд гүйлдэж, хэн нэгний тухтай өврийг хайна. Үе үе хамраараа хэржигнэж дуугарахаас бусдаар гахайнууд ер бусын чимээгүй байх аж. Бусад гахайг бодвол тэд цэвэрхэн, элдэв үнэргүй. Эдгээр гахай нь насанд хүрсэн ч бие нь томордоггүй гэдгээрээ онцлог.
Токио дахь гахайн кафед зочилсон АНУ-ын иргэн Брэд Лүмис “Гайхалтай, тайвширмаар” гэж уг газрыг тодорхойлжээ.
Үйлчлүүлэгчид кафегаар үйлчлүүлэхийн тулд эхний 30 минутдаа 2200 иен төлнө. Мөн урьдчилан захиалга өгөх шаардлагатай. Хүнтэй байж дассан, ойр зуурын сургуультай гахайг эндээс 200 мянган иенээр бүр худалдаж авсан ч болох юм. Тус кафе хэдийнэ 1300 гахай заржээ.
“Гахай бүр өөрийн онцлогтой. Өөр өөр зан ааштай. Зарим нь үгэнд ордоггүй, зөрүүд бол зарим нь номхон” гэж “Мипиг” кафены захирал Шихо Китагава хэлэв. Тэрбээр гахайнуудаа энгийн үгээр бус хүндэтгэсэн үгээр “бүта-сан” гэж дууддаг. Япон хэлэнд зөвхөн хүний нэрийн араас “сан” гэж залгадаг учир энэ нь хүндэтгэсэн хэлбэртээ орох юм.
Япон даяар ийм кафе 10 байна. Анхных нь 2019 онд Токиод нээгдэж байжээ. Энэ оны сүүлээр дахин хоёр ч кафе ашиглалтад орох төлөвтэй байна.
Гадаадын иргэд гахайн кафены талаар цахим сүлжээнээс олж мэдээд, зорьж ирдэг. Гахайн кафе хүмүүсийн дунд алдартай учир зар сурталчилгаанд хүртэл мөнгө зардаггүй аж.
Муур, нохой, гахайн кафенаас гадна шар шувуу, могой, зараа зэрэг амьтны кафе ч Японд бий болжээ. Амьтад хүнтэй адилхан сэтгэл ханамж мэдэрдэг эсэхээр зарим хүн маргадаг ч эдгээр кафе цөөрөх бус олширсоор байна. Мөн амьтан ашиглан мөнгө олж байна гэж шүүмжлэгсэд ч бий.
Эх сурвалж: JAPAN TODAY