“Mongolian jewellеry and metal expo” үзэсгэлэн “Мишээл экспо” олон улсын худалдааны танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбарын оролцогчдыг идэвхжүүлэх, дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой уг арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгийг албаныхан онцолж байна. Тус үзэсгэлэнг Санхүүгийн зохицуулах хороо, Соёлын яам, Монголбанк, Стандарт, хэмжил зүйн газар болон холбогдох бусад байгууллагаас хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.
Үзэсгэлэнг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал үг хэлэхдээ “Санхүүгийн зохицуулах хороо 2020 оноос санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болох үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбарыг зохицуулж эхэлсэн.
Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэлжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсны үр дүнд өнөөдрийн байдлаар 47 хуулийн этгээд, 465 иргэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбар нь салбар дундын зохицуулалттай тул алсыг харсан, олон улсын жишиг, сайн туршлага, судалгаа шинжилгээнд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлж, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад оролцогч байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, арилжаа эрхлэгчдийн идэвх нэн чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.
Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагч байгууллагууд болон Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас Эрдэнийн чулуу таних, гэрчилгээ олгох, үнэт металлаар хийсэн эдлэлийн сорьц тогтоох, сорьцын баталгааны тэмдгийн талаар, Санхүүгийн зохицуулах хорооноос энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой болон холбогдох бусад мэдээлэл, арга зүйн зөвлөгөөг өгч, оролцогч байгууллагууд болон иргэдийг мэдээ мэдээллээр хангаж ажиллаж байна. Үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 16-ныг дуустал зохион байгуулах юм.