УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар өнөөдөр/2024.02.26/ мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:
-Засгийн газрын шийдвэрээр 2024 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин арга хэмжээг авч байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас төмөр зуд, цагаан зудтай аймгуудын дүн мэдээг шинэчлэн гаргасан. 13 аймгийн 58 сумд төмөр зудтай, 17 аймгийн 139 сумд цагаан зудтай, 18 аймгийн 69 сумд цагаанаар зудархуу байна. Эдгээр аймаг, сумдад шаардлагатай тусламжийг хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3716 малчин өрхөд өвс хүргэж, 4749 км автозамыг нээх ажлыг 815 алба хаагч, 211 техник хэрэгсэлтэй зохион байгуулжээ. Мөн хууль сахиулахаас гаргасан 508 алба хаагч, 240 тээврийн хэрэгслээр өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүрч, 2749 өрхөд хүрч өвөл тэжээл хүргэжээ. Өвөлжилт хүндэрсэн нийт дүнгээр 52 мянга орчим км замыг нээх ёстойгоос 31050 км замыг хоёрдугаар сарын 19-24-ний өдрүүдэд гаргажээ. Одоогоор 2829 малчин өрхөд өвс, 36108 малчин өрхөд тэжээл хүргэжээ. Хоёрдугаар шатны тэжээлийн будааг аймгуудад хүргэх ажлыг хийж байна. 14 аймгийн 111 суманд хүргэнэ. Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн корпорацитай зургаан аймаг гэрээгээ байгуулж, 3500 тонн тэжээл авч, татан авах ажлаа эхлүүлжээ.
Дараагийн ээлжинд хүнс, эм тариаг хүргэнэ. Эхний ажлууд хэрэгжиж байна. УОК, Засгийн газраас санаачилсан аянд иргэд аж ахуй нэгжүүд мөнгөн дүн болон бараа материалаар тусалж байна. Өнөөдрийн байдлаар 1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 162 төгрөгийн бараа материал иржээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газраас тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг хүргүүлж байна.
РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫГ ДАЙЧИЛНА
Эрүүл мэндийн яамны төлөөлөл:
-Эрүүл мэндийн баг нь зам даваа хаагдсан аймаг, сумдын малчих өрхийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна 350 өрхөд эмнэлгийн багц хүргэжээ. Өнөөдөр сайдын шийдвэрээр Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед зудын эрсдэлд өртсөн малчин өрхүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй нийт 321 резидент эмчийг хоёрдугаар сарын 24-нөөс өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах хүртэл орон нутгийн эрүүл мэндийн газрын мэдэлд ажлуулахаар шийдсэн. Резидент эмч нар аймгийнхаа эрүүл мэндийн газарт очоод эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдуудад очихоор болж байна. Эм эмнэлгийн нөөц гуравдугаар сар хүртэл хангалттай бий. Тасарсан эм тариа алга. 11 аймгийн 20 суманд түргэн тусламжийн машин нийлүүлсэн. Мөн алслагдсан сумдад 60 автомашиныг хуваарилсан.
ГУРАВДУГААР САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл:
-Өнгөрсөн долоо хоногт төв болон баруун нутгаар шинэ цас орсон. Эхээр ихэнхи нутгаар хүйтэн байсан. Харин сүүлээр 1-14 хэмээр хүйтний эрч суларсан. Одоо баруун аймгуудаар цас ороод эхэлсэн. Архангай, Булган, Хөвсгөлөөр цас орж байна. Энэ орж байгаа цасны хэмжээ их биш. Гуравдугаар сарын 1-нд ихэнхи нутгаар хур тунадас багатай. Хүйтний эрч чангавтар байна. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн хүйтний эрч сулрах төлөвтэй байна.