УИХ чуулганаар ЭТТ ХК-ийн ногдол ашигтай холбоотой тогтоол гарчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ч.Ундрам, Т.Энхтүвшин нар Төрийн ордноос мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэхдээ “Монгол Улсын Их Хурлаас ЭТТ ХК-ийн хувьцааг эзэмшүүлэхтэй холбоотой тогтоол гарлаа. 2012 онд Монголын 2.5 сая хүнд 1072 хувьцааг эзэмшүүлсэн. Энэ хооронд нэг сая 5000 хүн мэндэлсэн. Тэдгээрийн эрх ашиг зөрчигдөж, тэнцвэргүй байталтай байсан. Хувьцаагаа авч чадаагүй нэг сад 5000 хүн 1072 хувьцааг эзэмших эрхтэй болж байгаа.
Ингэхдээ, энгийн хувьцаагаар ЭТТ баланс болсноор Монголын хөрөнгийн биржид бүртгүүлнэ. Тухайн иргэд өөрсдөө хувьцаагаа захиран зарцуулах эрх нь нээгдэнэ. ЭТТ ХК ч мөн олон улсад хувьцаагаа гаргахад бүх үе шат нь нээлттэй болж байна.
Ковидын үеэс эхлэн ногдол ашиг тараагаагүй. 2022 онд 1.2 их наяд, 2023 онд гурван их наяд төгрөгийн ашгийг тус компани хийсэн. Нийтдээ хуримтлагдсан ашиг нь 4.2 их наяд төгрөг болж байгаа. Одоо иргэддээ хувьцааны үр ашгийг хуваарилах боломж нээгдсэн.
Ойрын хугацаанд буюу хоёрдугаар сарын 1-5-ны хооронд ээлжит бус хурал зохиож Баялагийн сан байгуулах хуулийг авч хэлэлцэнэ. Баялагийн санг байгуулбал иргэдэд хувьцааны ногдол ашиг очих эрх зүйн орчин бүрдэнэ. Үндсэн хуулийн 6.2-т зааснаар “Баялагийг зөвхөн баялгийн сангаар дамжуулан олгоно” гэсэн байдаг учраас үүнд нийцүүлэн Баялагийн сан байгуулах хуулийг батлахаар төлөвлөж байна” гэлээ.
– Засгийн газар болон УИХ-ын шийдвэрээр томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг байсанд хаалт болно-
Харин ЭТТ ХК-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Өнөөдөр батлагдсан УИХ-ыг тогтоолын нэг чухал зүйл нь иргэдийн хувьцааг энгийн хувьцаа гэж бүртгэж байгаа нь юм. Энэ нь иргэдэд баялгийн сангийн хууль батлагдсаны дараа өөрөө өмчийнхөө эзэн шиг хандаж, өвлүүлэх, зарах, үрэх бүх нөхцөл нээлттэй болж байгаагаараа онцлогтой” гэсэн юм.
Харин Т.Энхтүвшин гишүүн “Тогтоолын гол онцлог нь хүн бүр үүнийг эзэмшиж байгаагаараа онцлог. ЭТТ ХК-ийн үр ашгаар Засгийн газар болон УИХ-ын шийдвэрээр томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг байсан бол хүн бүр эзэмшсэнээр хаалт болж байна” гэдгийг онцоллоо.