Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа хүний амь нас онц харгис хэрцгийгээр хороосон гэм буруутайд тооцож анхан шатны шүүхээс 13 жилийн хорих ял сонссон ч давж заалдаж шүүхээс 11 жилийн ялаар шийтгүүлсэн Б.Махбал “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт дахин яллагдагчаар татагдсан учраас хорих ангиас түүнийг авчирч, шүүх хуралд оролцуулж байгаа билээ.
Хөгжлийн банкны шүүх хурал 12 дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдааны үеэр Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал улсын яллагч болон өмгөөлөгчийн асуултад хариуллаа.
Улсын яллагч: 2017 оны 9 дүгээр сарын 28-ны ТУЗ-ийн хуралд биечлэн оролцоогүй, бичгээр санал гаргаагүй ч ТУЗ-ийн тэмдэглэлд гарын үсэг зурсан шалтгааныг асуулаа.
ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал: ТУЗ-ийн хурал болох гэж байхад би ээлжийн амралттай, хөдөө байсан тул оролцох боломжгүй гэдгээ хэлсэн. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Хулан хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулъя гээд гэрийн гадаа ирэхэд нь тэмдэглэлтэй танилцаад гарын үсгээ зурсан.
Хөгжлийн банкны өмгөөлөгч: Б.Махбалаас тус банкны ТУЗ-ийн гишүүнээр хэр удаан ажилласан талаар асуулаа.
ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал: “Бэрэн” группт зээл олгосон үеийн 2016-2017 онд ажилласан. Зээл олгох талаар өмнө нь мэдээлэл аваагүй байсан. Зөвхөн санал өгөх байдлаар гишүүний эрхтэйгээр оролцож байсан гэлээ. Мөн хурлын тэмдэглэлтэй танилцаж байна гэж гарын үсэг зурсан болохоос биш шийдвэр гаргахад үүрэг хүлээж байна гэж бодоогүй хэмээн мэдүүлэг өгөв.
Яллагдагч Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож байгаа тул ял эдэлж байгаа хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байгаа бөгөөд уг хорих ангиас хуяглан хүргэлтээр ирж шүүх хуралдаанд оролцож байгааг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн билээ.