Монголчууд жендерийн тэгш эрх, оролцооны асуудлыг сүүлийн жилүүдэд тусгайлан ярьдаг, тус сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг болсон өөр нэгэн зүйлийг гээгдүүлжээ. Хүүхэд хүмүүжүүлэхдээ хүртэл охидынхоо боловсролд илүү анхаарч, хөвгүүдээс “даам” эрх, илүү боломжоор өсгөдөг гэхэд хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй охид хөвгүүдэд гар хүрэх нь байдаг л үзэгдэл. Харин хөвгүүд охид яаж ч дээрэлхсэн ус балгасан мэт дүлий царайлах хэрэгтэй гэж сургадаг болоод уджээ. Гэвч энэ нь охид, хөвгүүдийн харилцаанд ан цав үүсгэж, бие биенээ үгүйсгэхэд хүрчээ.
Сэтгэлзүйчдийн хэлж байгаагаар гэр бүлийн хараа хяналт муу хүүхэд бусдыг дээрэлхэх болон өөр хэн нэгний дарамтад өртөх амархан болдог аж. Мөн охид, хөвгүүдийн нэгнээ хүйсээс хамаарч дарамтлах хандлага гэр бүлийн хүмүүжлээс харилцан ялгаатай байдаг байна.
Тиймээс үр хүүхдээ сурган хүмүүжүүлж хүн болгоход нь багаас нь анхаарах нь эцэг, эх асран хамгаалагчийн хамгийн том үүрэг.
ХӨВГҮҮД ЦЭРГИЙН БАЯРААР ОХИДОД ДЭЭРЭЛХҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ Л ХҮСЧ БАЙНА
Сүүлийн үед цахим хуудаст хүмүүсийн хошигнон хуваалцаж байгаа нэгэн бичлэг бий. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хөвгүүдээс сэтгүүлч цэргийн баяраар ямар бэлэг авахыг хүсч байна гэхэд “Охид л битгий дээрэлхэж, зодоосой” хэмээн хүслээ хуваалцахыг та харсан л байх. Хошигнон хэлж байгаа мэт боловч энэ үнэн. Өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа гол асуудал нь үе тэнгийнхнийн дарамт шахалт, охид, хөвгүүдийн хоорондын харилцаа, түүнд нөлөөлж буй хүмүүжил. Нэгнээ өмсч, зүүсэн, эдэлж хэрэглэж байгаагаар нь өөлж, хүйсээр нь ялгаварлаж байгаа тохиолдол нэг биш удаа гарч буй. Гэхдээ нийгмийн сүлжээнд ил болсныг нь л хүмүүс мэдэж байгаа болохоос цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болон зөрчлийн хэрэг үүсээгүй олон хэрэг бий.
Монгол Улсад хүний эрхийн ойлголт, тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүүхдийг багаас нь эрх тэгш орчинд өсгөх боломж хомс хэвээр. Тэгвэл одоо бид яах вэ?
Эцсийн дүндээ эцэг, эхчүүд суурь хүмүүжлийг зөв олгож, хүү, охин ялгаагүй ижил хандаж өсгөх нь чухал. Боловсрол, үг даах чадвар, бусадтай харилцах хандлага гээд бүхий л анхан шатны ойлголтыг хүүхэд гэр бүлээсээ авдаг. Тиймээс хүүхэд хүйсээс хамаарч нэгнээсээ айж, эмээж, түрэмгийлэлд өртөх ёсгүй.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /ХЭҮТ/-д жилд дунджаар 2000 гаруй хүн ханддаг байна. Тэдний ердөө таван хувь нь эрэгтэйчүүд байна. Арваад жилийн өмнө ийм үзүүлэлт байсангүй. Хэдий цөөхөн ч гэлээ хүний эрхэд эрэгтэй, эмэгтэй гэсэн алагчиллаар байх ёсгүйг энэ тоон үзүүлэлт анхааруулж байна. ХЭҮТ-д хандсан эрэгтэйчүүдийн зүгээс бусдад хэлэхгүй байх, өөрсдийнх нь мэдээллийг нууцлахыг хүсч санаа зовдог аж. Эмэгтэй хүнтэй харьцуулахад эрэгтэй хүн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандахаасаа өмнө маш их бодож, олон удаа үүднээс нь буцсаны эцэст шийдвэрээ гаргадаг болохыг тус төвөөс мэдээлж байв.
Тиймээс гэр бүлд асуудалд гарахад гэрээсээ гарч явах, согтууруулах ундаа хэрэглэх, найз нөхөдтэйгөө ярилцаж ойлголцохыг хичээдэг. Ингэж чадахгүй бол согтуурсан үедээ асуудлыг хүчээр шийддэг тохиолдлууд ч их гардаг байна.
Эмэгтэйчүүдийн хувьд бие махбодийн хүчирхийллээс илүү хэл ам, сэтгэлзүй, эдийн засгийн хүчирхийлэл үйлддэг. Хэл амаар доромжлох, цалинг нь хураах, тэжээлгэх ёстой гэсэн хандлага байдаг аж. Охид, хөвгүүдийг багаас нь сэтгэлзүйн харилцан ялгаатай нөхцөлд өсгөснөөр ирээдүйд гэр бүл зохиоход нь хүртэл нөлөөлдөг. Улмаар салалт, амиа хорлолтын тоо ч өсдөг болохыг сэтгэлзүйчид хэлдэг. Бид ирээдүйн гэр бүлийн харилцаанд ямар нэгэн гажиг үүсгэхгүйн тулд өнөөдөр анхаарах ёстой болжээ.
ЖИЛД 450 ХҮН АМИА ХОРЛОДГИЙН 85 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв”-ийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагаас өнгөрсөн 2023 онд эрэгтэйчүүдийн талаарх судалгаануудыг танилцуулах, эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр боловсруулагдсан судалгаа, гарын авлага, арга зүйг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын нийт хүн амын 49,1 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг ба дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9,7 жилээр доогуур байгаа нь дараах шалтгаантай байна.
Үүнд,
- Амиа хорлолт. Монголд жилд дунджаар 450 орчим хүн амиа хорлодог бөгөөд тэдгээрийн 85 хувь нь эрэгтэйчүүд байдаг.
- Зам тээврийн осол. Эрэгтэйчүүд зам тээврийн ослоор эмэгтэйчүүдээс 2,8 дахин илүү нас бардаг.
- Бусдад хорлогдох. Эрэгтэйчүүд бусдад хорлогдож амиа алдах нь эмэгтэйчүүдээс 4,1 дахин их байдаг.
- Бусад осол. Бусад ослоор нас барах нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3,8 дахин их байдаг.
- Үйлдвэрлэлийн осол. Энэ тохиолдолд мөн л эрэгтэйчүүд зонхилдог байна.
Эдгээр тоо эрчүүд болоод ирээдүйн монгол эр хүнийг хангалттай илэрхийлэхгүй бөгөөд баримтаас харахад эрэгтэйчүүдийг бодит байдал, тэдэнд тохиолдож буй асуудлыг судалсан судалгаа хангалтгүй байна. Тэдэнд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх нэгдсэн аргачлал, арга зүйтэй болох, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд чиглэсэн шаталсан сургалтаар сургагч багш бэлтгэх, цаашид магадлан итгэмжлэгдсэн ТББ-тай гэрээ байгуулж, урт хугацаанд ажиллах шаардлагатай байгааг илэрхийлжээ.
Ямартай ч тохиолдлуудыг харгалзаж үзвэл охид, хөвгүүд ялгаагүй эрх тэгш орчинд өсч торнин, хүмүүжлийн хувьд ч агаар нэг доголдолгүй байх ёстой. Тиймээс хүүхдийг багаас нь хүйсийн ялгаваргүй орчинд өсгөх хэрэгцээ шаардлага их байна.