Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг УИХ-ын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөг, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар иргэдийн 1072 хувьцаа ийнхүү бодитоор амилж байна.
Ингэснээр Компаний тухай хуулийн 46.1, 47.1, 76.1, 76.12-т заасны дагуу 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг өнөөдөр иргэн бүрд шилжүүлж байна.
2023 оны ногдол ашиг болох 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгох болно.
Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэнэ” гэлээ.
Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Ардчилсан нам, ХҮН намтай хамтран боловсруулах тухай санамж бичигт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурав.
Баялгийн сангийн тухай хуулийн төслийн үндсэн концепци нь хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг аривжуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн үндсэн дэд хэсэгтэй байх аж. Мөн Баялгийн санг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах боломжтой байхаар зааж өгөх ажээ.