Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас /RSF/ дэлхийн 180 улс орныг хамруулсан дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ оны индексийг танилцууллаа.
Хэвлэлийн эрх чөлөөгөөр Норвег улс долоо дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол өнгөрсөн онд зургаадугаарт жагсаж байсан Ирланд нь Дани, Швед, Финландыг гүйцсэнээр хоёрдугаарт бичигдсэн байна.
Монгол Улс өнгөрсөн онд жагсаалтын 90 дүгээрт бичигдэж байсан бол энэ онд хоёр байраар ахиж, 88 дугаарт жагсжээ.
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 31 орон маш муу үзүүлэлттэй гарчээ
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 31 орон “маш муу”, 42 орон “муу”, 55 орон “асуудалтай” гэсэн үнэлгээ авсан байна. Харин 180 орноос ердөө 52 нь л “сайн”, “нэлээд сайн” гэж үнэлэгджээ.
2023 онд Хятад улс өмнөх жилийнхээс дөрвөн байраар ухарснаар 179 дүгээрт бичигдсэн байна. ОХУ-ын хувьд мөн л чөлөөт уналт хийсэн бөгөөд “RSF”-ийн дүгнэлтэд дурдсанаар, Орос Украин руу довтолсон нь бүс нутгийн байдлыг бүхэлд нь бүдэгрүүлжээ.
Хэвлэлийн эрх чөлөө буюу таагүй тайлан
“Хэвлэлийн эрх чөлөөний индексийн тайлан сүүлийн жилүүдийнхтэйгээ адил таагүй гарлаа. Дэлхийн улс орнуудын дийлэнх нь хэвлэлийн эрх чөлөөний байдлаар муу, маш муу гэсэн ангилалд багтаж байна. Энэ нь мөн тэдгээр улсад ардчилал хумигдаж байгаагийн тодорхой илэрхийлэл болж байна” гэж Норвегийн Хэвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Элин Флобергхаген ярилаа.
Норвег улсын хувьд долоо дахь жилдээ дараалан жагсаалтыг тэргүүлсэн нь сайн хэрэг, гэвч сайн үзүүлэлттэй орнууд маш цөөхөн байна шүү дээ гэж тэрбээр нэмж хэлжээ.
Украины дайн хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлөв?
ОХУ Украин руу довтолсноосоо хойш үндэсний бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гадаадын хэвлэлүүдийг шахан гаргаж, системтэйгээр цензур тогтоож байгаа нь зөвхөн суртал ухуулга, төрийн мэдлийн хэвлэлүүд л үлдэхэд хүргэж байна гэж “RSF”-ийн тайланд бичжээ.
Орос хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарсаар энэ онд 164 дүгээрт бичигджээ. “RSF”-ийн бичсэнээр, Москва Украины эзлэгдсэн нутгуудад Кремлийн суртал ухуулгыг түгээхийн тулд шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг асар богино хугацаанд байгуулсан байна.
Хатуу үзэл сурталтай ерөнхийлөгчид халаагаа өгч хэвлэлд ахиц гарчээ
Жаир Болсонаруг ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа Бразил улс жагсаалтад 18 байраар ахиж, 92 дугаарт бичигдэж эхэлжээ. “RSF” Ж.Болсонаругийн ерөнхийлөгчөөр ажилласан үеийг сэтгүүлчдэд хэт дайсагнасан шинжтэй байсан гэж тодорхойлсон байна.
Харин АНУ өмнөх оныхоосоо гурван байр ухарч, 45 дугаарт бичигдсэн бол Австрали улс 12 байраар ахиж, 27 дугаарт жагсжээ.
Тажикистан /153 дугаарт/, Турк /165 дугаарт/, Энэтхэг /161 дүгээрт/ гэсэн гурван оронд хэвлэлийн эрх чөлөөний байдал “асуудалтай”-гаас “маш муу” ангилалд шилжсэн байна.
Энэтхэгт Ерөнхийлөгч Нарендра Модитой ойр олигархууд хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналтаа тогтоосон бол Режеп Тайип Эрдоганы Засгийн газар Туркийн хараат бус сэтгүүлчдэд илүү шахалт үзүүлэх байдлаар удахгүй болох сонгуульдаа бэлтгэж байна “RSF” бичжээ.
Энэ онд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт хамгийн огцом унасан орнуудын тоонд өмнөх жилийнхээс 31 байраар ухарсан Сенегал /104/, 27 байраар ухарсан Тунис /121/, 33 байраар ухарсан Перу /110/, 50 байраар ухарсан Киргиз /122/ орсон байна.
2023 онд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг хоёр дахь жилдээ дараалан улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм соёлын нөхцөл байдал, аюулгүй байдал гэсэн шинэ шалгууруудаар эмхэтгэжээ.