Цахим хуудаст иргэд суудлын автомашинтай ариутгалын хувцастай хүмүүс гараараа давс цацаж байна гэх мэдээллийг нийтэлсэн. Энэ талаар нийслэлээс тодруулахад дараах тайлбарыг өглөө.
Нийслэлээс өгч байгаа мэдээллээр, цахим хуудаст нийтлэгдсэн зураг дээрх үйл явдал Яармаг болсон байна. Тодруулбал, Яармагт бохир урссан. Үүнийг цэвэрлэсний дараа хлормин цацсан гэх мэдээллийг холбогдох байгууллага өгч байна.
Гэрээт аж ахуйн нэгжид дахиж ийм стандарт бус ажиллахгүй байхыг сануулахаар болсон гэлээ.
Эргэн сануулахад, Яармагт бохир хальж байгаа асуудал удаа дараа гарч буй. Хамгийн сүүлд оны өмнө буюу өнгөрсөн арванхоёрдугаар сард бохир зам дээр хальж, явган зорчигч ч алхахад хүндрэлтэй нөхцөл үүсч байв. Тухайлбал, Хан-Уул дүүрэг Яармагийн хэсэгт бохирын шугам хагарч, их хэмжээний ус зам, талбай дээр алдаж, явган хүн зорчих аргагүй болсон.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж засвар хийхэд хугацаа шаардах бөгөөд ус алдсан замууд мөстөж, халтиргаа гулгаа үүссэн юм.
Тухайн үед Ус сувгийн удирдах газрын өгч байсан мэдээллээр, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд өнөөдөр орон сууц хэрэглэгчдийн бохир хальсан асуудал үүссэн. Дулааны шугам хагарсан гэдэг ташаа мэдээлэл.
УСУГ төвийн шугам дээр ажилладаг, ачаалалтай байгаа учир тус хэсэгт тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Орон сууц эзэмшигчдийн СӨХ хариуцаж засвар үйлчилгээг үзүүлэх байх” гэж байв.
Яармаг орчимд өнгөрсөн оны 9-10 сард мөн бохирын шугам задарч, бохирын ачаалал нэмэгдэж байсан.