УИХ-ын гишүүн асан З.Нарантуяатай ярилцлаа.
-Ойрын үед Монголын нийгэм гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар амьсгалж байна, хуулийн шинэ хуучин зохицуулалтын талаар таны байр суурь ямар байна вэ?
-Хуулийг шинэчилэх нь хөрөнгө оруулалтын орчноо л сайжруулах гэж хийж байгаа ажил. Энэ зорилгоос нь харвал өргөн баригдсан, хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл болон хамт өргөн барьсан хуулиудад бүхэлдээ хөрөнгө оруулалтын орчныг хамгийн их муутгаж байгаа авилга, хулгай, хууль бус үйлдлүүд, төрийн дайчилгаа, булаалт, дээрмийг дахин гаргахгүй байх, хулгайтай тэмцэж байгаа үр дүн муутай ажлуудыг сайжруулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, мөнгө угаах, хууль бус зүйлийг санхүүжүүлэх асуудлаас сэргийлсэн зүйл, заалт дутуу орсон харагдаж байна. Хөрөнгө оруулагчдын гомдлыг хянаж, барагдуулах Зөвлөл л байгуулж байгаа нь сайн хэрэг, төр анхааралдаа авч байнаа гэсэн үг. Гэхдээ гомдлыг шийдэж байна гээд хуулийн байгууллагуудынхаа урдуур ороод УИХ гишүүд, Ерөнхий сайд, Хууль зүйн Сайд нь өдөр бүр нэг хэрэг ярьдаг болчихвол энэ нь өөрөө хөрөнгө оруулагчдыг үргээх нэг том фактор гэдгийг мэдрэх хэрэгтэй юм. Тиймээс хийх хийх ажлаа өөрт ногдсон үүргийнхээ хүрээнд хийдэг эрх, үүрэг, хариуцлагыг л тус бүрийнх нь хуулиудад нь баталгаажуулах, боловсронгуй болгох асуудал.
Улсын зэрэглэлээ өсгөх хэрэгтэй. Төрийн өмчийн үйлдвэрүүдийн монополийг задалж, хувийн салбар дахь төрийн хэт оролцоог бууруулах, инфляци, зээлийн хүүгээ бууруулахад бүх анхаарлаа чиглүүлж, “зөв” ажил хийх хэрэгтэй, тодорхой ажлуудыг бол хийж байгаа гэх байх.
8 жил хөрөнгө оруулалт татна гэж хурал, зөвлөгөөн хийсэн лдээ. Төрийн ордон нэг ч өдөр сул чөлөөтэй байгаагүй. Энэ өнцгөөс дүгнэвэл зорилтоо биелүүлэхэд хангалтттай биш, дутуу ажилласан төсөл байна лээ. Зөвхөн нэг хууль гаргаад бүх асуудал шийдэгдэхгүй.
Гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэгдүүлэхэд Засгийн газрын бодлого, үйлдэл их чухал үүрэгтэй. Ер нь дотоодын хөрөнгө оруулагчиддаа төр хэрхэн яаж хандаж байгаа үйлдлээр гадаадын хөрөнгө оруулагчдад хир таатай орон бэ гэдэг тодорхойлогддог. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ялгаагүй тэдний ашиг сонирхол нь оруулсан хөрөнгө нь өгөөжтэй, бизнес нь үр ашигтай, ажлаа эхлүүлэхэд дамжлага багатай, дарамт бага, төр хөрөнгийг хураагаад авчихдаггүй, зайлшгүй шаардлагаар авбал нөхөн олговорыг нь олгоод хохиролгүй болгодог баталгаа л хэрэгтэй шүү дээ. Бүх л улсууд элдэв баррерь тавьдаг, гэдэс дотрыг нь уудалж, хөлөөс нь толгой хүртэл бүх мэдээллийг нь скрийнддэг, ажил хэргээ чөлөөтэй явуулах боломгүй болтол гар хөлийг нь хүлж, чөлөөтэй байдлыг нь хязгаарладаг хуучны зохицуулалтаасаа татгалзаад эхэлсэн шүү дээ. Тиймээс шинэчлэл өөрчлөлт энэ чиглэл рүү явахыг хүссэн ч эс хүссэн ч шаардаж эхэлсэн.
–Хөрөнгө оруулалт гэж юуг хэлээд байна, яагаад гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалт ялгаатай яригдаад байна вэ? манай уншигчдад та тодорхой ойлголт өгнө үү, мэргэжлийн хүний хувьд?
-Хөрөнгө оруулалт гэж хуулийн нэр томьёо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд нь туссан биет болон биет бус хөрөнгийг хэлдэг. Хувьцаа, үнэт цаас авах, зээл, санхүүжилт өгөх, бусад санхүүгийн нэгдэл үүсгэх гээд янз бүрийн хэлбэрээр л хөнгө оруулалт биеждэг. Хөрөнгө оруулагч гэдэг нь хуульд заасан хэлбэрээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, иргэн. Ялгаагүй л хамтад нь хөрөнгө оруулагч гэж үзэх ёстой юм.
Улс орнууд өөр улсаас хөрөнгө оруулалт татаж, дотоодын эдийн засгийн өсөлтөө дэмжих дэд бүтэц, бүтээн байгуулалтын барилга байгууламжаа ирээдүй цагаас урьчилан барьж байгуулахын тулд өөрөө боломжтой болох тэр цаг хугацааг хүлээлгүйгээр бусад орны хөрөнгө санхүүгийн чадавхитай хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдад тэдний сонирхлыг татахуйц бизнесийн таатай орчин нөхцөл амлаж, санхүүгийн эх үүсвэр олж авах арга хэрэгсэл гэж ерөнхийд нь ойлгоход болно.
–Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд илүү таатай нөхцөл бүрдүүлэх тухай л яриа явагдаж байна. Яагаад тэдэнд илүү боломжтой нөхцөл өгөх хэрэгтэй гэж …. та түрүүн дотоодын хөрөнгө оруулагчдыг ч төр дэмжих тухай ярилаа?
-Тийм ээ. Дотоодын хөрөнгө оруулалт, бизнесийн салбарыг дэмжих асуудал бүхэлдээ төрийн бодлогын үндэс. Тэр утгаараа нэг хууль бус бүх л бодлого, үйл ажиллагаа, инцтитуцээр дэмжих ёстой. Энэ ажлын ерөнхий түвшин хир байгааг эдийн засгийн бүтэц, төрөлжилт, экспорт, импортын зөрүү, орлого бүрдүүлэлтийн оролцооны байдлаас илт харагдаж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд ярихад л хувийнхаа хөрөнгөөр, эсвэл хувийн хөрөнгөө барьцаалж олж ирсэн зээл, санхүүгийн хамаг эх үүсвэрээ 100.0, 500.0 тэрбумаар нь дотоодын эдийн засагт нэмэр болох дэд бүтцийн төслүүдэд оруулчихсан дотоодын ах ахуйн нэгжүүдийн хэдэд нь татварын хувь хэмжээг нь тогтворжуулж өгсөн бол? Төсөл хэрэгжүүлэд шаардлагатай газрыг нь тэр хуулинд заасагн 40, 60 жилээр нь саадгүй эзэмшүүлж, ашиглуулж өгч байгаа юу? Бизнесийг нь дэмжсэн татварын бус хуульд заасан дэмжлэгүүд үзүүлж, гэрээ хэлэлцээрүүдийг нь тэдэнд ашигтай байх нөхцлөөр байгуулж өгч байгаа юу? Бодох асуудлууд их байна.
Үндэсний хөрөнгөтнүүд цөөхөн байна. Олон болгож байж, тэр тусмаа гадаад зах зээл дээр өрсөлдөж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулдаг том аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжсэн улсууд хөгжиж байна. Төрд гол шийдвэр гаргаж байгаа улс төрчид өөрт нь холбоотой, сонирхол нэгтэй компаниудаа биш ийм хэмжээнд потенциалтай, ач холбогдолтой үндэсний аж ахуйн нэгждүүдээ олж дэмжиж чадвал цэвэр өрсөлдөөний үр дүнд нь дотоодын эдийн засаг чадавхитай болно.
Одоогоор дотоодын хөрөнгө оруулалт хангалттай бус учраас гадаадын шууд хөрөнгө оруулалтгүйгээр улс орныг хөгжүүлэх боломжгүй байна. Санхүүгийн нөөхц, хуримтлал алга байна шүү дээ. 1990-2022 оны хугацаанд Монгол улсад 39.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 72 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт, 11 хувь нь худалдаа, үйлчилгээний, үлдсэн 17 хувь нь бусад салбарт орж иржээ. 72 хувь буюу 28.5 тэрбум ам долларийн 50 хувийг Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт эзэлдэг байна. Оюу толгой төслийг эхлүүлсэн, хэрэгжүүлсэн, засч сайжруулах гэж оролдсон бүх хүмүүс л нийгэмд ямар нэг хэмжээгээр шүүмжүүлж, яллуулж, буруутгагдаж ирсэн. Гэхлээ энэ төсөл хэрэгжээгүй, өнөөдрийн түвшинд хүрээгүй байсан бол манай эдийн засаг өнөөдөр 2 дахин бага хэмжээнд л байх байсан нь гарцаагүй үнэн. Засч, сайжруулах ажлууд хийгдэж, сургамж, боломж үлдээж байгаа энэ төсөл өөрөө манай гадаадын хөрөнгө оруулалтын орчин нөхцлийн толь болж байгаа. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай 14,836 аж ахуй нэгж бүртгэгдсэнээс 2022 оны байдлаар 5486 нь татан буугдаж, 9350 аж ахуйн нэгж нь үлдсэн байна.
Эдгээр 9350 аж ахуйн нэгж нь 2021 онд Монгол улсын нийт төлсөн татварын 23 хувь буюу 2.63 их наяд төгрөгийн татварыг төлж байсан бол 2022 онд энэ хэмжээ 16 хувь болж буурч, 2.4 их наяд болсон байна.
Дайн, хурцадмал байдал, санхүү, худалдаа, эдийн засгийн харилцааны хуваагдмал байдал, уур амьсгалын өөрчлөлт, Ковид зэрэг цочмог өөрчлөлтүүд давхацсан энэ байдал тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх болж байна. Гадаад худалдааны эргэлт буурч, уур амьсгалын өөрчлөлт, дайн байлдааны нөхцлөөс шалтгаалан зарим хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдалж, үнэ өсч дэлхий нийтээр гадаадын хөрөнгө оруулалтын орчинг муудаж байна шүү дээ. Бусад улс орнуудад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2.0 триллион ам.долларын хэмжээнд байдаг бол 2020 оны байдлаар Ковидоос шалтгаалан энэ хэмжээ эрх буурч, 860.0 орчим тэрбум болсон байна гэсэн тоо мэдээлэл байна. Хөрөнгө оруулалтын орчин улам хумигдсан байна. Энэ байдал улс орнуудын гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлж, хөрөнгө оруулалтын өртгийг өсгөж байгаа эрсдэлт хүчин зүйлс. Монгол улсын хувьд мөн гадаадын хөрөнгө оруулалт татахад хүндрэл үүсч байгааг дээр дурьдсан статистик тоо илэрхийлж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр Монгол улсын УИХ, Засгийн газраас бодлогын болон бусад зохицуулалтын өөрчлөлт хийж, төр, төрийн бус байгууллагууд, улс төрийн нам, иргэд, аж ахуй нэгжүүд бүгдээрээ л дэмжих шаардлагатай.
–Босго 100.0 ам.долларыг байхгүй болгох нь тэгээд зөв гэсэн үг үү?
-100.0 ам. доллар зөв, буруу гэж зөвхөн нэг өнцгөөс дүгнэх боломжгүй тул ямар зорилгоор босго тавих аргыг ашиглах гэж байгаа билээ гэдэг зорилгодоо нийцүүлж, өөрчлөх, эс өөрчлөхөө шийдэх хэрэгтэй. Улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын хөшүүрэг, баталгаатай байдлыг хангах, эсхүл дотоодын зах зээл, үндэсний аюулгүй байдлын үүднээс хөрөнгө оруулж буй салбар, хэрэгжүүлэх төслийн хэрэгжих бүс нутаг, мөн хөрөнгө оруулж буй улстай тогтоосон эдийн засаг, гадаад хамтын ажиллагааны түвшин зэрэг олон хүчин зүйлийг харгалзан хөрөнгө оруулах хэмжээг ялгамжтай тогтоож болдог. Жишээлбэл, Тайландад газрыг хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглах зориулалттайгаар боловсруулж, ашиглах хөрөнгө оруулагчид 50.0 сая ам.долларын босго, үндэсний зах зээлд мэдрэмтгий бизнест оруулах хөрөнгийн доод хэмжээг 330.0 сая ам.долларын, бусад бизнест хөрөнгө оруулахад ямар ч босго тавьдаггүй байх жишээтэй.Зүгээр л улс төрийн өнцгөөс нь харж, 100.0 мянган ам долларын босгыг байхгүй болгосоноор мөнгөгүй гадаадынхан орж ирж, иргэдэд олддоггүй газрыг ашиглах, эзэмших эрхтэй болно гэсэн дүгнэлт нь өөрөө үндэслэл муутай.
Хэрвээ хөрөнгө оруулалтыг баталгаажуулах доод хэмжээ гэдэг утгаар нь авч үзвэл энэ хуульд энэ дүнг урьдчилан байршуулахыг хөрөнгө оруулагчаас шаардах нь хууль эрх зүйн ач холбогдолгүй. Хуулийн бүх зүйл, заалтуудыг уялдаатайнаар ойлгож хэрэглэхгүй, зөвхөн нэг зүйлийг нь, эсхүл нэг өгүүлбэрийг нь авч уншаад тийм, ийм гэж хэлж болдоггүй.
Хөрөнгө оруулагчид олгодог Тогтворжуулалтын гэрчилгээ болон Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу заасан түүнд заасан хугацаанд хөрөнгө оруулагч оруулах ёстой хөрөнгөө оруулах үүргийг угаасаа энэ хуулиараа хүлээдэг бөгөөд үүнд эрх бүхий байгууллага хяналтаа тавьж ажилладаг. Тиймээс оруулна гэсэн хөрөнгөө оруулаагүй тохиолдолд хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын дэмжлэгийг авах боломж хуулийн хувьд үүсдэггүй учраас ямар нэгэн хөрөнгө оруулж байж л энэ хуулиар үзүүлэх гээд байгаа урамшуулал дэмжлэгт хамрагдах эрх нээгдэнэ.
Хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг шинэчилсэн хуулийн төслөөр бүрдүүлэх гэж байгаа бол “хуулийн этгээдийн хувьцааны 25 хувиас дээш хувийг эзэмших” хуулийн шаардлагыг бууруулж тогтоож ч болно. Хөрөнгө оруулалт маш чухал байгаа манай улсын нөхцөлд энэ хэмжээ өндөр байж болзошгүй. OECD орнуудад 10 хувийг хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх доод хувь хэмжээ (босго)-ний бенчмарк болгосон байна лээ. (OECD Benchmark Definition of FDI: Main concepts and Definitions of Foriegn Investment судалгаа)
-Та өөрийн твийтер хуудсандаа энэ хуулийн төсөлд гадаадын төрийн өмчийн хуулийн этгээдийн хөрөнгө оруулатад тавьдаг шаардлагыг алга болгосон байгааг жиргэсэн байсан, энэ үү?
-Банк, санхүү, уул уурхай, хэвлэл мэдээллийн салбарт нийт гаргасан хувьцааных нь 33-иас дээш хувийг гадаадын төрийн өмчийн хуулийн этгээд эзэмшихээр бол тусгай зөвшөөрөл авч, хөрөнгө оруулдаг байсан. Үүнийг хялбаршуулж, 6 дугаар бүлгийг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байх ч Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нэгэнт хүчинтэй байгаа болохоор ”гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлогын хүрээнд энэ 3 салбарт төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зохистой хэмжээнд байлгах зохицуулалттай. Тэгэхээр энэ шаардлагатай л зөрчилдөхөөр байна гэж сануулж, жиргэсэн. Яагаад гэвэл хуулийн төслийг дагалдуулж, энэ зохицуулалтад өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн бариагүй байна лээ. Хөгжингүй орнууд ч энэ төрлийн хөрөнгө оруулалт дээр болгоомжтой ханддаг.
Тухайлбал, Хятад улсын Бүс ба зам санаачилга нь Ази, Африк, Европын зарим улсуудыг хамарсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөр үндсэндээ Хятад улсын төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон байгууллагуудаас санхүүждэг учраас тус улсын Засгийн газартай гүнзгий холбоотой болгодог.
Европын холбоо, Япон, АНУ зэрэг орнуудад ч ийм төрлийн хөтөлбөрүүд бас хэрэгжүүлдэг. Тиймээс хуулийн зохицуулалтыг бүхэлд нь байхгүй болгож байгаа нь эрсдэлтэй л гэж үзэж байна. Дээр хэлсэн дэлхий даяар гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин хумигдсан нөхцөлд манай орны хувьд хөрш орнуудын төрийн өмчийн санхүүжилттэй шууд хөрөнгө оруулалтын боломж бусад хэлбэрийн хөрөнгө оруулалтаас илүү байх магадлалтай учраас энэхүү нөхцөл байдлыг анхаарахгүй орхиж болохгүй л болов уу.
-Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгана гэсэн заалт орж ирсэн. Эзэмшүүлэхийг болиулсан. Гэтэл энэ асуудалд иргэд их эмзэг хандаж байна. Танай намын төлөөлөл, тодорхой хэлбэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэс эсрэг байр суурийг илэрхийлж, төрийн ордонд орж ирсэн. Энэ танай намын байрь буурь уу?
-Намын байрь суурь бол биш. Газар ашиглуулах, эзэмших зэргээр хуулийн хязгаарлалт хийж, өмчлөх эрхийг хориглодог нь олон улс орнуудын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын бодлогодоо хэрэглэдэг арга хэрэгсэл юм. Манай улсын хувьд өмчлүүлэх зохицуулалт байхгүй. Хаана ч өмчлүүлнэ гэсэн заалт байхгүй байхад гадаадынханд газраа өгөх гэж байна гээд шуугиад байгаа нь асуудлаа ойлгоогүйнх байх.
Газрын тухай хууль тогтоомжоороо гадаадын иргэнд газар өмчлөхийг угаасаа хориглосон. Хөрөнгө оруулалтын тухай хуульд зөвхөн ашиглуулж, эзэмшүүлж байсныг одоо шинэ төслөөр эзэмшүүлэхийг нь ч болихоор өөрчилсөн байна.
Хувь хүний хувьд газрыг эзэмшүүлэхийг хуулиас хасах шаардлагагүй, харин зөвхөн хөрөнгө оруулах төслийн хүрээнд тодорхой зорилгоор ашиглаж, эзэмшинэ гэж хязгаарлаж хүрээ, хязгаарыг нь ялгаж өгөх хэрэгтэй гэж боддог. Ашиглах, эзэмшүүлэх, өмчлөх эрхүүд өөр өөр хуулийн үр дагавартай. Ер нь бол хөрөнгө оруулалтын нээлттэй бодлогыг хэрэгжүүлэ, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэгдүүлэхэд хаалт, саад болдог хүчин зүйлс нэг бол хөрөнгө оруулагчийн өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа хууль тогтоомж, хөрөнгө оруулагчийн бүхий л мэдээллийг төр шаарддаг, шалгадаг хатуу зохицуулалтууд, хөрөнгө оруулагч хувь хүний үйл ажиллагааны чөлөөт байдлыг хязгаарладаг зохицуулалтууд юм аа гэдгийг судлаачид судалж, тогтоосонбайдаг. АНУ-ын Конгрессын Номын сангаас 39 орны хууль тогтоомжийг сонгож, хийсэн судалгаа уншиж байсан.
Белги, Франц, Герман, Ирланд, Япон, Нидерланд, Норвеги, Португал, Швед, Англи зэрэг 10 улс газар өмчлөх эрхийг нь хорьж, хязгаарладаггүй. Хятад, Индонези, Нигер, Флиппин, Тайландад тодорхой ангиллын газарт өмчлөх эрх өгдөг, бусдад газарт бол хориглодог байна.
Ихэнх нь хөдөө аж ахуй, газар тариалан, оршин суугчдын хороолол, арилжааны зориулалттай газарт газар өмчлөхийг хориглодог, эсхүл хил орчмын аюулгүй байдлын бүсд гадаадын хөрөнгө оруулагчдыг газар өмчлөхийг хэсэгчлэн хориглодог байна. Тухайлбал, Канадын зарим мужид газар тариалангийн зориулалтаар өмчлөхийг хоригдлодог бол Энэтхэг, Египет улсад Гадаадын дипломат ажилтнуудад болон байнга оршин суугч бус этгээдэд, Орос, Аргентин, Бразил, Турк улсуудад хөдөө орон нутагт, тодорхой хувь хэмжээгээр газар гадаадын хөрөнгө оруулагчдад газар өмчлүүлэхийг хориглодог байна. Гэхдээ эдгээр орнууд эзэмших, ашиглахыг бол хориглож, хязгаарладаггүй байна. (Law library US Congress: Restrictions on Land Ownership by Foreigners in Selected Jurisdictions, OECD Benchmark Definition of FDI: Main concepts and Definitions of Foriegn Investment)