УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр явуулж, байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Тиймээс цагаан сарын өмнө Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгаас хувьцаа эзэмшигчдэд 450-500 мянган төгрөг цагаан сарын өмнө олгох талаар зарим гишүүд ам нээгээд байгаа юм.
Тэгвэл Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн БЭТ Ж.Ганбат хэлэхдээ, 3Хоёрдугаар сарын 10-нд тайлан гарна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Удахгүй жилийн эцсийн тайлан гарч аудитын дүгнэлт гарахаар энэ тоо хэд болох нь тодорхой болно. Дараа нь компани ТУЗ-д танилцуулж, ногдол ашиг хувьцаа эзэмшигчиддээ тараана. Төрийн ч бай хувийн ч бай хувьцаат компаниуд ашигтай ажилласан бол ногдол ашиг тараадаг. Ямар нэгэн улс төрийн зорилгоор биш шүү. Ийм л зүйл рүү шилжье гэж зорьж байгаа юм.
УИХ-ын гишүүдийн хувьд ямар тоон дээр үндэслэж иргэдэд 500 орчим мянган төгрөг гэсэн дүнг хэлж байгааг мэдэхгүй байна. Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн 2022 оны тооцооллоор 120 орчим мянган төгрөг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах боломж бий. Эцийн тооцлол удахгүй тодорхой болно. Эрдэнэс Тавантолгой хувьцаат компани дээр онцгой дэглэм тогтоох үед 4.6 их наяд төгрөгийн өртэй байсан. Энэ өрийн хэмжээг одоо аль болох бууруулаад л явж байна.
Одоогоор 2 их наяд гаруй төгрөгийн өр бий. Дээрээс нь нэн яаралтай төслүүд болох Тавантолгой Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын холболттой холбоотой хөрөнгө оруулалтуудыг оруулвал 4 гаруй их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна.
Санхүүгийн тайлангаа харвал 2022 онд 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тиймээс ТУЗ-ийн хурлаараа нийт ашгийнхаа хэдээр нь өр төлбөрөө барагдуулж, хэдээр нь төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж, хэдийг нь ногдол ашиг байдлаар хувьцаа эзэмшигчиддээ олгох асуудлыг ярилцана. Тиймээс 2023 оны тайлан тооцоо гараагүй байгаа учраас 2022 оны ашгаас ногдол ашиг олгох асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр ажиллаж байна. Харин 2023 оны цэвэр ашиг болоод ногдол ашиг тараах асуудал хавраас яригдана” гэв.