Өнгөрсөн онд өндөр харуул хамгаалалттай шоронгоос оргосон Италийн хамгийн аюултай гэмт хэргийн бүлгүүдийн нэгний боссыг Франц улсын харьяа Корсика арлаас баривчилснаа хоёр улсын эрх баригчид Баасан гарагт мэдээлжээ.
Баривчлагдсан Марко Радуано нь Европолын эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн жагсаалтын “онц аюултай” гэсэн ангилалд багтаж байв.
Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Сардини арлын Нуоро дахь өндөр харуул хамгаалалттай шоронгоос холбож уясан орны даавуунуудыг ашиглан оргож байжээ.
Радуаногийн шадар хүмүүсийн нэг Жанлуйжи Тройаног өмнөд Испанийн Гранадагийн ойролцоо газраас баривчилснаа Италийн эрх баригчид өчигдөр бас зарласан байна.
“Манай цагдаа нар аюултай оргодлууд болох Марко Радуано болон түүний баруун гар Жанлуйжи Тройано нарыг гадаадаас баривчилсан нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдэд өгсөн ээлжит том цохилт боллоо” гэж Италийн дотоод хэргийн сайд Маттео Пиантедоси мэдэгджээ.
Одоо 40 настай Радуано бол өмнөд Италийн Пуглиа мужийн Фожжа хотод төвлөрдөг “Дөрөв дэх Мафи” нэртэй гэмт хэргийн байгууллагын Гаргано бүлгийн толгойлогч юм.
Тэрбээр хар тамхины наймаа, хууль бус зэвсэг хадгалсан зэрэг олон гэмт хэрэгтээ 24 жилийн хорих ял сонсож байжээ.
Корсика арлын эх сурвалжуудын мэдээлснээр Пүрэв гарагийн орой Алериа хотын нэгэн ресторанд залуу эмэгтэйтэй оройн зоог барьж байхдаа Радуано баригдсан байна.
Баривчлагдах үедээ тэр эсэргүүцэл үзүүлээгүйг гэрчүүд мэдээлжээ.
Радуаногийн шоронгоос оргосон арга нь Италийн эрх баригчдыг ичгүүртэй байдалд оруулж байв. Харьцангуй жижиг, шинэ залуу боловч “Дөрөв дэх Мафи” нь сүүлийн жилүүдэд Италийн хамгийн харгис хэрцгий гэмт хэргийн байгууллагаар тодроод байгаа.
Радуаногийн баруун гар Тройано нь 2021 оны есдүгээр сард Фожжагийн ойролцоо гэрийн хорионоос оргож байжээ.
Гранадагийн ойролцоо Отура нэртэй жижиг хотоос баривчлагдсан тэр одоо есөн жил, хоёр сарын хорих ял эдлэх юм байна.
Радуано, Тройано нарын 2017 онд үйлдсэн байж болзошгүй хоёр хүн амины хэрэг одоо шалгагдаж байгаа ба буруутай нь тогтоогдвол тэдний хоригдох ялыг уртасгах юм.
Эх сурвалж: AFP