Их Британийн иргэн 24 настай эмэгтэй Шамима Бегум өсвөр насандаа Исламын Улс террорист байгууллагад элсэхээр Сирийг зорьж байсан юм.
Уг террорист байгууллага цохигдсоны дараа Бегум төрсөн эх орондоо буцах гэсэн ч Британийн эрх баригчид түүнийг хүлээж авахаас татгалзаж, иргэний харьяаллыг нь цуцлах шийдвэр гаргаж байжээ.
Баасан гарагт Лондон хотын давж заалдах шатны шүүх түүний сүүлчийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна.
“Хатагтай Бегумын хэргийн шийдвэр хатуудсан, эсвэл тэр өөрөө хохирогч болсон гэх зэргээр маргаж болно. Гэхдээ шүүх аль нэг байр суурьтай санал нийлэх, эс нийлэх нь гол биш. Бид зөвхөн иргэний харьяаллыг нь хассан өмнөх шийдвэр хууль бус байсан эсэхийг дүгнэх үүрэгтэй. Бид шийдвэр хууль ёсны дагуу байсныг баталж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болголоо” гэж шүүхийн мэдэгдэлд дурджээ.
Бегум өнгөрсөн оны аравдугаар сард өөрийнх нь иргэний харьяаллыг цуцлах шүүхийн шийдвэрийг давж заалдаж эхэлсэн юм.
Түүнийг хүний наймааны золиос, суртал нэвтрүүлгийн хохирогч болсон гэж өмгөөлөгч нар нь үзэж байв.
“Франц, Герман, Бельги, АНУ, Канад, Австрали зэрэг бүх улс иргэдээ буцааж авсан. Ижил асуудалтай тулгарсан улс бүр иргэдээ буцааж авахаас өөр арга байхгүйг хүлээн зөвшөөрсөн. Их Британи одоо бараг ганцаараа үлдээд байна” гэж Бегумын өмгөөлөгч Гарет Пирс сэтгүүлчдэд мэдээлж байсан юм.
Британи улс 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар Сири, Иракаас 17 иргэнээ буцааж авсан тухай Rights and Security International олон улсын хүний эрхийн байгууллагын тайланд дурдсан байдаг.
Өчигдрийн шийдвэрийн дараа Бегумын өөр нэг өмгөөлөгч Даниэл Фурнер “Таван жилийн турш тэмцсэн ч Британийн шүүх шударга ёсыг хүлээж аваагүйд харамсаж байгаагаа би Шамима болон түүний гэр бүлд илэрхийлмээр байна. Шударга ёсыг тогтоож, түүнийг эх оронд нь эсэн мэнд буцаж ирэх хүртэл бид тэмцлээ зогсоохгүйг амлаж байна” гэж хэлжээ.
Гэр бүл нь Бангладеш гаралтай Бегум 15 настайдаа буюу 2015 онд сургуулийн хоёр найзынхаа хамт Лондон дахь гэрээсээ Сирийг зорьж байсан юм.
Тэнд байх хугацаандаа Бегум террорист байгууллагын гишүүнтэй гэрлэж, гурван хүүхэд төрүүлсэн нь бүгд эндсэн байна. 2019 оны хоёрдугаар сард Биртанийн дотоод хэргийн яам үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр Бегумын иргэний харьяаллыг цуцлах шийдвэр гаргаж байжээ.
Ингэснээр тэр ямар нэг улсын харьяалалгүй болж, Сири дэх дүрвэгсдийн хуаранд үлдсэн юм.
Британийн шүүх 2020 онд түүнийг гарал угсаагаа дагаад Бангладешийн иргэн болох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж байв.
2019 онд Исламын Улс террорист байгууллагын Сири, Иракт байгуулсан халифат улс нуран унасны дараа Бегум шиг олон зуун хүн Европт буцаж очиход хэцүү болсон юм. Зөвхөн Их Британийн 900 орчим иргэн Исламын Улсад элсэхээр явсан гэдэг. Тэдгээрийн 150 орчим нь иргэний харьяаллаа алджээ.
Одоо Бегумд дээд шүүхэд хандах ганц боломж үлдээд байгаа гэнэ.
Эх сурвалж: AFP