Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Visa” компанийн дэд ерөнхийлөгч Майкл Нунес болон “Apple” корпорацийн олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Аман нартай уулзан “Apple pay” төлбөрийн системийг энэ оны долоодугаар сард багтаан Монголд нэвтрүүлэхээр болсон тухай мэдээллээ.
Тодруулбал тэрбээр цахим хаягтаа “Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн технологи, үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан ахлах захирал Тарун Чхабрад Apple Pay, Paypal, Stripe зэрэг олон улсын төлбөр тооцооны гарц, шийдлийг төрөлжүүлэх нь манай улсын эдийн засгийн бие даасан байдалд чухал нөлөөтэй болохыг тэмдэглэж, айлын талаас дэмжлэг хүсэв. Тэрбээр “Apple pay”-ийг 7-р сарын 1-нээс өмнө нэвтрүүлэхэд бүх талын улс төрийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Харин Stripe, Paypal Монголд нэвтрэхэд хугацаа шаардагдах боловч монголын хэрэглэгчид өнөөгийн нөхцөл байдалд StripeConnect буюу гуравдагч зах зээлээр дамжуулан төлбөр тооцоогоо хүлээн авах боломжтой тус технологийн шийдлийг нэвтрүүлэхэд анхаарахаа хэлсэн нөхөрсөг уулзалт боллоо” хэмээн нийтэлжээ.