Германы Bild сонинд Бундесвер (Германы Зэвсэгт хүчин) 2024 оны хоёрдугаар сард болох НАТО-гийн Оросын эсрэг довтолгоонд бэлтгэж байна гэж мэдэгджээ.
Германы Батлан хамгаалах яам нууц баримт бичигт Орос, НАТО-гийн хооронд үүсэж болзошгүй “мөргөлдөөний зам”-ыг нарийвчлан тодорхойлсон байдаг. Үүсэж болзошгүй мөргөлдөөний хувилбарт “Орос дахин дайчилгааны давлагаа эхлүүлж, 200 мянган хүнийг армид нэмж татна. Үүний дараа Кремль Украинд хаврын довтолгоо хийж, Украины армийг зургадугаар сар гэхэд буцаан шахна. Оросууд барууны эсрэг эхлээд далд, дараа нь улам бүр ил тод довтолгоо долдугаар сараас эхлүүлнэ. Кибер халдлага болон бусад төрлийн хабрид дайны хэлбэрүүд, ялангуяа Балтийн орнуудад дэгдэх төлөвтэй байна” гэжээ.
Сценари ёсоор бол аравдугаар сард Орос Калининград руу цэрэг, дунд тусгалын пуужин байрлуулбал байдал хурцдаж магадгүй аж. Мөн 2024 оны арванхоёрдугаар сараас Сувалкигийн цоорхой (Сувалки коридор) орчимд зохиомлоор үүсгэгдсэн хилийн мөргөлдөөн, олон тооны хохирогчтой мөргөлдөөн болж магадгүй гэсэн таамаг байна.
АНУ сонгуулийн дараа хэдэн долоо хоног удирдагчгүй байж болзошгүй энэ үед Орос Беларусийн дэмжлэгтэйгээр 2014 онд Украинд хийсэн дайралтыг НАТО-гийн нутаг дэвсгэрт давтаж магадгүй гэсэн болгоомжлол ч байна. Гэхдээ НАТО Оросыг хязгаарлах эсэх нь нээлттэй асуулт хэвээр байна.