Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч e.l.f. Beauty компани загвар өмсөгч Хейли Биберийн үүсгэн байгуулсан Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар хэлцэлд хүрсэн талаар тус компани албан ёсоор мэдээллээ.
Хэлцлийн нийт дүнгийн 800 сая ам.долларыг бэлэн мөнгө болон хувьцаагаар, үлдсэн 200 сая ам.долларыг ирэх гурван жилийн хугацаанд Rhode-ийн санхүүгийн гүйцэтгэлтэй уялдуулан олгохоор төлөвлөсөн байна.
Rhode брэндийг Бибер 2022 онд бизнесийн түншүүд болох Лорен болон Майкл Ратнер нартай хамтран байгуулж байв. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ шууд хүргэдэг тус брэнд нь 2024 онд 212 сая ам.долларын орлоготой ажиллаж, энэ оноос эхлэн Sephora сүлжээгээр борлуулалтаа тэлж эхэлжээ.
Харин e.l.f. Beauty компанийн хувьд сүүлийн жилүүдэд орлогоо тогтмол хоёр оронтой хувиар өсгөж ирсэн ч сүүлд энэ өсөлтийн хурдац саарсан. Тус компани олон улсын зах зээлд анхаарлаа хандуулж, Герман, Мексик, Австрали зэрэг улсад үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн байна.