Зүс царай, хэл яриа өөр дэлхийн 7,5 тэрбум хүнийг зүрх сэтгэлийнх нь дотоод мэдрэмжээр нь нэгтгэн холбож, эрч хүчээр цэнэглэж, уярааж догдлуулж, урам зоригийг нь бадрааж чаддаг гайхамшигт зүйл бол урлаг, дуу хөгжим юм. Тэр дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг нь хөглөж, Монгол үндэсний урлагаа дэлхийн хэдэн зуун сая хүний сэтгэл зүрхэнд таниулж, хоногшуулж, “ховстож” чадсан гайхалтай уран бүтээлчид бол “The HU” хамтлагийнхан юм.
Үндэсний урлаг, Монгол өв соёлоороо дэлхийн талыг эзэлж яваа “The Hu” хамтлагийн залуус ирэх сард эх орондоо нэг цагийн тоглолт хийхээр товложээ. Энэ талаар тус хамтлагийн продюсер Б.Дашдондогоос тодруулахад “Хамтлагийн залуус маань Монголд зургадугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах “Power expo & Fest” наадмын тайзнаа тоглоно. Энэ фестивальд өөр олон хамтлаг, дуучид оролцоно.
Манай хамтлагийн хувьд хамгийн сүүлд нэг цагийн турш тоглолтоо үзэгчдэд хүргэнэ. Бид одоо гурав дахь цомгийнхоо ажилдаа ороод, их завгүй байгаа” гэв.
Нэмэлт мэдээлэл дуулгахад,”The HU” хамтлагийн залуус 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн “Hellfest” фестивальд оролцох юм байна. Тэд Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо ирээд байгаа ажээ.
Энэ хугацаанд “The Hu in the Меtaverse” дэлхийн хэмжээнд анхны рок хамтлагийн виртуал тоглолтыг амжилттай зохион байгуулсан байна. Мөн “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг үзэгчдэд хүргэхээр цахим орчинд саяхан байршуулаад байна.
Удахгүй худалдаанд гарах шинэ цомогт дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран шинээр бичүүлсэн уран бүтээлүүд багтсан гэдгийг уран бүтээлчид онцолж байна. Тэд “Rumble Of Thunder: Deluxe” шинэ цомогоо ирэх зургаадугаар сарын 30-наас худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд уг цомогт үндсэн цомгийн дуунуудаас гадна нэмэлт долоон дуу багтах бөгөөд тэдгээрийн дөрөв нь акустик найруулга, гурав нь дэлхийн нэртэй уран бүтээлчидтэй хамтарсан бүтээлүүд байх аж.
The HU” хамтлагийн залуус Америкийн алдарт “Alice In Chains” рок хамтлагийн дуучин Уильям Дювальтай хамтран “This Is Mongol” мөн “System of a Down” хамтлагийн дуучин Серж Танкян, “Bad Wolves” хамтлагийн дуучин DL нартай хамтран “Black Thunder” дуугаа цацаад байгаа юм.