UBCab онлайн такси үйлчилгээг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Н.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдээд байгаа билээ.
-2013 онд Монголчуудын ухаалаг утас болоод дата хэрэглээ бүрэн хөгжөөгүй үед UBCab онлайн такси үйлчилгээг танай баг эхлүүлж байжээ. Зөвхөн онлайн такси үйлчилгээг хөгжүүлээгүй давхар хэрэглэгчдийг өнөөгийн цахим хөгжилд хөтлөх суурийг тавилцсан гэж болно байх. Хэрэглэгч нь ч үйлчилгээ нь ч түүхийгээрээ байсан салбар руу орсон түүхээс ярилцлагаа эхэлье.
-UBCab-ийн гэрчилгээн дээр 2013 оны есдүгээр сарын 23-ны өдрийг цохож бичсэн байдаг. Манай компани 10 жил болчихжээ. Би компанийнхаа анхны үүсгэн байгуулагч нь биш. Эрдэм, Золоо, Манлай, Наарка гээд нэг ангийн дөрвөн инженер залуус байгуулж байсан юм. Энэ эхлэл дэлхийд алдартай “Uber”-ээс хоёр жилийн дараах үйл явдал байв. Бид тавуул хоёр жил гаруй явуулж байгаад “Болохгүй юм байна. Хүмүүс хэрэглэхгүй байна” гэж бодож эхэлсэн. Цаг үеэсээ түрүүлээд гараад ирчихсэн бизнес л дээ. Яагаад гэвэл, ухаалаг утасны бараг л ганц камерыг нь хэрэглэдэг байсан үе. Дата үнэтэй учраас өдөр бүр интернэт хэрэглэдэг хүн байгаагүй.
2016 онд Монгол Улсын технологийн салбарт асар том дэвшил болж, “e-barimt” апп гарч, хэрэглэгчид бэлэн болж эхэлсэн. Ингэж л найман настай балчраас 80 настай буурай хүртэл аппликейшн татаж сурсан гэхэд хилсдэхгүй. Үүний араас технологийн бизнесүүд гарч, хамгийн анх Lend.mn зээлийн эдийн засагчгүйгээр зээл олгоно гэж гарч байлаа. Харин одоо банк бус бүхэн зээлийн апп-тай болжээ.
Бид ажлаа технологи, опперашн гэж хоёр хуваагаад авчихдаг байсан юм. Миний төвлөрч байсан зүйл нь опперашн буюу жолооч нарын харилцаа зэрэгт голлодог байсан. Системийг хийчихсэн юм чинь гол нь дуудлага авахын тулд жолооч олонтой байх хэрэгтэй гэж үзсэн. Эхлээд дуудлага алдахгүй авдаг байхад анхаарч явсаар өнөөдөр 43 мянган жолоочтой болж чаджээ.
-Өнгөрсөн 10 жилд нойр, хоолгүй, ар гэрээ орхигдуулж, цалинтай цалингүйн хооронд явсан үе байсан уу?
-Анх өөрөө дуудлагад явахаас эхлээд энэ бизнесээ босгохын төлөө бүхнийг хийсэн он жилүүд байсан. Сарын сая төгрөгийн орлогыг тавуулаа авдаг байлаа. Тэр үеэс өдий хүргэхийн тулд бид зүтгэсэн шүү…
Тухайн үед бидэнд хэн ч итгэдэггүй байсан. “Утсандаа апп татаж аваад такси дуудаж болно, Улаанбаатарт хувиараа халтур хийдэг хүмүүсийг зохион байгуулалтад оруулна” гээд хөрөнгө оруулалт татахын тулд Монголын бүх компанийн хаалгыг тогшсон. Эргэн тойрны хөрөнгө оруулж магадгүй гэж горьдсон бүх хүн рүүгээ хандацгаасан. Энэ завшааныг ашиглаад “Intelmind” буюу одоогийн Shoppy.mn-ийн Мэндээ ах, BTF Огторгуй ах, Болдоо ах нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэр үед ах нар өөрсдөө гарааны бизнес эрхлэгчид байсан. Гарааны бизнес эрхлэгчид гарааны бизнес эрхлэгчдээ хөрөнгө оруулсан түүх бараг байхгүй байх аа. Гэтэл анхны уулзалтаараа биднийг дэмжиж, “Хэдүүлээ хамтрах ёстой. Энэ салбарыг хөгжүүлэх ёстой” гэсэн.
Тэгээд компаниа илүү хөгжүүлэхийн тулд инженерүүд эрсээр өнөөдөр өдөр тутмын технологио хөгжүүлдэг 50 гаруй инженертэй болсон байна.
-Та хоёр хоногийн өмнө ажлаасаа гарч буйгаа мэдэгдсэн. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ?
-Миний хувьд ямартай ч жолоон дээрээс гараа авъя гэж шийдсэн. Энэ бол цаг заваа гаргаад хийх ёстой ажил. Анх дөрөв тавуулхнаа байсан компани 120 ажилтантай боллоо. Тэднийг хангаж ажиллахад надаас илүү сайн, туршлагатай хүн хийх хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ би бүх гэрлээ унтраагаад явж байгаа хэрэг огт биш. Жолооч нарын харилцаа зэрэгт тодорхой хугацаанд цаг зарцуулна.
Би улстөрч биш. Ажлаа өгөөд дэвшээд явна гэж зарим хүмүүс ярьж байна лээ. Тэр миний чадах ажил биш. Би бизнесийн салбарын хүн. Ажлаа өгөх шийдвэрийг огцом гаргаагүй. Жилийн өмнөөс хамт олонтойгоо ярилцаж, 1-2 жил ажиллаад жолоогоо шилжүүлье гэж ярьж байсан. Ер нь бүх хүнд аливаа ажлаас гарах “exit plan” байх ёстой гэж үздэг.
Жил гаруй өмнөөс малчдад зориулсан малчдын UBCab буюу Enomad төслийн судалгаа хийж, багаа бүрдүүлж эхэлсэн. Тэр ажилдаа илүү дуртай байгаа учраас хоногийн найман цаг ажиллахгүйгээр дуртай зүйлдээ төвлөрч илүү үр дүн гаргах сонирхолтой байгаа. Манай технологийн багийнхны оролцсон том ажил. Блокчэйн системд тулгуурласан малын бүртгэлийн систем, түүнд зориулсан marketplace бий. Хүмүүс ажлаа өгөөд мах, ноолуурын ченж болох гэж байна гэж байна лээ. Монголын мал аж ахуйд их дэвшил авч ирэх байх гэж харж байгаа. Сайн судалгаатай хандаж, гаднын улсын туршлагыг ч судалсан. Яг үнэндээ манай мал аж ахуй дэлхийн хөгжлөөс хэдэн зуун жилээр хоцорчихсон явж байгаа. Өөрчлөлт хэрэгтэй гэж харсан учраас жил гаруйн өмнөөс бэлтгэлээ хийж эхэлсэн.
-Бид алдсан гэвэл, цаг үеэ мэдрэхгүй шийдвэр гаргасан байж мэднэ. Гэхдээ буруу биш-
-UBCab одоо яг ямар нөхцөлд байгаа вэ?
-Би жолооч нартайгаа их харилцдаг. Жолоочдынхоо групп дээр лайв, фодкаст хийдэг. Орж, гарч байгаа жолооч нартайгаа ойрхон байдаг учраас гомдонгуй байна лээ. Хэл амтай үед хаяад явчихлаа гэж хурцаар гомдож байгаа ч хүн байна.
Уржигдар ТУЗ-ийн даргадаа хэлээгүй байхдаа ажлаа хүлээлгэж өгч байгаа тухайгаа цахим хуудсаараа дамжуулаад нийтэлчихсэнд шоконд орцгоосон. Гэхдээ түрүүчийн долоо хоногоос уулзъя гэж хэлсэн ч хэн хэнийх нь зав чөлөө болохгүй явсаар ийм байдлаар эхлээд мэдэгдчихлээ. Миний гэхээс илүү UBCab бидний хүүхэд шиг л үнэтэй зүйл. Тиймээс надаас илүү миний 6-7 жилийн өмнөх үе шиг зүтгэж цаг, оргилсон эрч хүчээ зориулах хүн удирдах хэрэгтэй. 120 хүнтэй компани гэдэг бол тоглоом биш. Тэдний ар гэр бүх зүйл даатгагдаж байна.
Бидэнд дотоодын өрсөлдөөн гараад ирлээ гэдэгт би огт эмзэглэж, шаналахгүй байгаа. Бидэнд давуу тал бий. Бид төрийн ямар ч тендерт оролцдоггүй. Өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүнээр баг бүрдүүлж, технологийн 50 гаруй инженерийг цуглуулсан маш цөөн компанийн нэг. Цөөхөн байгаа багууд хоорондоо ямар зовлон байгаагаа мэддэг учраас зарчмын хувьд орох, орохгүй салбараа тохирдог. Тэр гол өрсөлдөөнд байгаа хүмүүсээс ороогүй, өөр гаднаас орж байгаа хүмүүс бий. Технологийн бизнес шүү дээ.
-Үйлчлүүлэгчдийн хандлага ямар байна вэ, сошиалаар харлуулсан постуудыг хараад нэг л бүтэл муутай байгаа юм байна гэх ойлголт авч болохоор байна?
-Сүүлийн гурван сарын турш маш их асуудал гарлаа. Нэгт, бид 43 мянган жолоочтой. Салбартаа монопол нь. Өөр такси апп татах гэхээр байхгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Хоёрт, дугаарын хязгаарлалт хийснээр машинтай хүмүүс хязгаарлагдсан. Автобусанд суух гэтэл маршрут нь өөрчлөгдөөд ойлгомжгүй болчихсон. Таксинд суух гэхээр UBCab л байгаад байсан учраас хүмүүс боож үхэхээ шахлаа.
-Таны хувьд алдаа гаргасан гэж бодож байна уу, алдсан бол юун дээр алдсан гэх вэ?
-Сая хэлсэн шалтгаануудаас үүдэн нийтийн тээврийн салбарт иргэд стресс ихтэй байна. Эдийн засаг хямралтай үед тарифын өөрчлөлтийг бид хийсэн. Минут нь 60 төгрөг байж байгаад 120 төгрөг болчихсон. Аяллын хугацааны төлбөр өөрчлөгдсөнд иргэд түгжрэлийн мөнгийг төлүүлж байна гээд уурласан. Энэ бол дэлхийн хаана ч байдаг тариф шүү дээ. Таксигаар хоёр цаг явахад нэмэгдэх мөнгө нь 10 мянган төгрөг болж байгаа юм. Хоёр цаг хөдөлмөр зарцуулсан байхад 10 мянган төгрөг төлөх шударга бус санагдана гэж юу гэсэн үг вэ. Монголоос өөр газар хүний хөдөлмөрийг хугацаагаар нь үнэлдэг. Монголд хүний хөдөлмөрийг сарын хугацаагаар үнэлээд байдаг. Бусад улсад долоо хоногоор, өдөрт ажилласан цагаар нь цалинжуулдаг. Ингээд бодохоор таксины жолоочид энэ их түгжрэлд өдөртөө хэдэн хүнд үйлчилж чаддаг бол гэдгийг бодох ёстой.
Энэ тарифыг бид нар зохицуулаад байгаа юм биш. Тарифыг жаахан нэмэхгүй бол жолооч нар дуудлага авахгүй, гараа өргөсөн хүнийг бүртгэлгүйгээр аваад байна. Алдаа хийсэн гэвэл цаг үеэ олохгүй шийдвэр гаргасан юм болов уу гэж бодож байна. Гэхдээ гэнэт бензингүй болчихсон. Жолоочид шөнөжин оочерлож бензин авч байна гэх зэрэг шалтгааныг бодож үзэх хэрэгтэй.
40 гаруй мянган жолоочид тэгш, сондгой хязгаарлалтад орж, 20 мянга орчим нь хөдөлгөөнд оролцож цөөрсөн. Энэ үед үйлчлүүлэх хүмүүс тав дахин ихэссэн. Эрэлт, нийлүүлэлтийг хангахын тулд зах зээлийн хуулиараа ийм шийдвэрт хүрсэн.
-43 мянган жолоочтой байгаагаас хэдхэн нь алдаа гаргахад бүгдийг нь хамруулж харлуулж байгаа нь харагддаг. Үүнийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Мэргэн ардын “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг үг байдаг. Бидний хийж байгаа ажил хэл ам ихтэй, хүн хүнтэйгээ харьцаг ажил шүү дээ. Гэхдээ энэ байдал бага багаар сайжирч байгаа гэж хардаг. Хэрэглэгчид гомдох газартай болсон. Операторууд ажиллуулж, UBCab академи гэж ажиллаж байгаа. Хүмүүс тэр бүр мэддэггүй ч бид зургаан авто угаалга ажиллуулж байгаа. Машинууд яагаад бохир байдаг вэ гэхээр машин угаалга 35 мянган төгрөг гэдэг. Энэ бизнесийг хийж байгаа юм чинь авто угаалга хийдэг болъё гээд л цэвэрлэгээ, тохитой байдалд нь анхаарч байгаа. Энэ угаалга маань 24 цагаар ажиллаж, 7000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлдэг.
Зөрчил гаргасан жолоочид сургалт явуулдаг. Одоо дахиад бүх жолоочийг хамарсан сургалт зохион байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж байгаа. Харилцаа хандлагыг нь улам эерэг болгохоор хичээж байна. Бид хойшоо суудаггүй. Ирсэн гомдол бүрийг шийдэхийг хичээдэг, сонсдог. Ажилд орох гээд ирэхэд нь цагдаагийн газрын тодорхойлолтыг авдаг. Урд нь янз бүрийн ноцтой гэмт хэрэгт холбогдсон болоод хэт өндөр торгуультай жолоочийг бүртгэж авдаггүй. Торгуулиа төлчхөөд эргээд ирээрэй гэдэг.
-Нөгөө талдаа алдааг бус ололтыг ярьдаг бүлэг ч бий байх?
-Хүмүүст хамгийн их хэрэг болдог үйлчилгээ таксинаас гадна дуудлагын жолоочийн үйлчилгээ байдаг. Жолооч дуудчихаад 30-40 минут хүлээдэг байсан. Зарим хүмүүс дуудлагын жолоочид “Тухтай суулгахгүй тавхан минутын дотор хүрээд ирэх юм аа” гэж ч хэлдэг. Согтуугаар жолоо барих, болзошгүй эрсдэлээс сэргийлж чадаж байна. Дээрээс нь танай апп байгаа учраас хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авчихлаа, би заавал машин унах шаардлагагүй болсон гэх зэргээр иргэд хэлдэг.
Маш олон хүнээр шүүмж биш алга ташуулж, магтуулж ирлээ. Хамгийн анх бидэнд итгэдэггүй байсан үеийг бодох юм бол бид загнуулах юмтай, асуудал ихтэй болсон байна гэхээр нэгэн бодлын сайхан л байна.
-Хэдийгээр төлөвлөж байж ажлаа хүлээлгэсэн ч гарах шийдвэрээ танилцуулахад хүнд байв уу?
-Жолооч нарыгаа гомдчих вий гэж их санаа зовж байгаа. Энэ ярилцлагаар дамжуулаад тэдэндээ заавал хэлмээр байна. Жолооч нартайгаа харилцах харилцааны ажилдаа оролцоно. Чуулган зохион байгуулах ажилд оролцоно. Манайх бас жолооч нартаа зориулсан хадгаламж зээлийн хоршоотой. Жолооч нартайгаа орон сууцны төсөл эхлүүлэх гээд бас явж байна. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандсан “UBCab Care” үйлчилгээ бий. Тэр ажилдаа би их дуртай учраас үүнийгээ үргэлжлүүлнэ. Care санд жолооч нартайгаа нийлээд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тусад нь тээвэрлэдэг ажилдаа оролцоод явна. Яг процесс сайжруулалт, гүйцэтгэх удирдлага дээр өөр хүн явна.
Цахим хаягаараа мэдэгдэл хийхэд манай Мөнхтуяа гээд жолооч байдаг. Эхнэр, нөхөр хоёулаа таксинд явдаг. Бид компаниа сурталчлуулах хэрэг гараад тэр хоёрыгоо “Танайд хоноё” нэвтрүүлэгт оруулж байсан болохоор зарим хүмүүс эгчийг мэдэж байж магадгүй. Миний мэдэгдлийг Мөнхтуяа эгч фейсбүүкээс харчхаад “Хаана байна, эгч нь очлоо” гээд үсчинд сууж байхад хүрээд ирсэн. Үсээ засуулаад гараад очтол бүлцийтлээ уйлчихсан сууж байсан. Миний хувьд хамгийн гоё юм нь манай жолооч нар гудамжаар явж байгааг хараад “Хөөе” гээд цонхоо буулгаад гараа далладаг. Энэ зэрэг нь надад их дулаан мэдрэмж төрүүлдэг. Тиймээс жолооч нартайгаа харилцах UBCab Care сан, орон сууцны ажил зэрэг дээрээ хамтраад л зүтгээд явна. Харин өдөр тутмын ажлаас л холдож байна гэж ойлгох хэрэгтэй.
-Жилд ганцхан бизнес эрхлэгчид олгодог “Next top” шагналын эзэн болж байсан шүү дээ. MCS, APU гээд өнгөрсөн 30 жилийн хугацаанд топ байж чадсан бизнес эрхлэгчдийн атгадаг шагналыг авахад тээж явсан үнэт зүйл тань түүнд хүргэсэн гэж боддог уу?
-Залуучуудын холбооноос жилд ганцхан бизнест өгдөг шагналыг атгаж байсан. Оджаргал, Батсайхан, Баясгалан гээд аймар том захирлуудын авдаг шагналыг хүртсэн. Тэр шагнал маш том урам өгсөн. Тэр үед “Бидний дараагийн алхам бол 10 мянган малчинтай хоршоолол байгуулна. Яг жолоочдыг цуглуулж, нэгтгэж чадсан шиг нэгтгэнэ” гэж хэлж байсан. Яг л тэр ажил руугаа алхаад орж байна. Энэ ажил маань хэл ам дагуулахгүй гайгүй байх гэж бодож байна. Малтай харьцах учраас /инээв/. Энэ ажлаараа малд ээмэг зүүж, хэн хэдэн малтай, үржил, эмчилгээ гээд бүгдийг нь бүртгэлжүүлнэ. Түүнийгээ удахгүй малчдаар явж танилцуулна. Дараагаар нь хэрэглэгчдэдээ тэр малчны ийм үржил шим идсэн мах гээд айдасгүйгээр хүнсээ хэрэглэх боломж руу оруулна. Бид 70 сая малтай ч мал аж ахуйгаараа олигтой боловсруулалт ч хийхгүй байна.
-Яг ажлаа хүлээлгээд өгчихсөн чинь ямар байна вэ?
-Үнэхээр нуруун дээрээс хүнд ачааг салгасан мэт дотор онгойж байна. Гэхдээ олон хүнд танигдах, бизнес хүмүүсийн өдөр тутмын хамааралтай хэрэгцээ болж байгаа нь хүндрэлтэй тал байдаг. Жижигхэн асуудал гарахад л маш олноороо меншион хийгээд л байдаг. Зарим үед хар хөлс цувмаар болдог үе бий. Бие биеэ жаахан хайрлах хэрэгтэй юм байна шүү. Хэрэглэгчид юу ч болохгүйгээр коммент бичиж, балбаж байдаг ч балбуулж байгаа хүнд бол аймар том цохилт байдаг юм байна. Дээр нь Монголчууд сошиалд маш идэвхтэй. 200 сая гаруй хүн амтай, фейсбүүк анх үүссэн АНУ-ын бизнес эрхлэгч нэг пост оруулахад 50 мянган реакшн авдаг нь бараг үгүй шүү дээ. Монголчууд гуравхан саяулаа хэр нь сошиалдаа хэтэрхий идэвхтэй, үүгээрээ дамжуулан нэгнийгээ бүүлийдэж байдаг. Энэ бас их бодмоор зүйл юм билээ.
-Хувийн такси үйлчилгээг журамлах талаар яригдаж байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бид нарыг хууль батлуулсан гээд лоббичин нэр зүүсэн. Бид үүнд ямар ч санаачилга гаргаагүй. Гэв гэнэт л зөвшөөрөлгүй таксиг 5 сая, 20 саяар торгоно, таксиг тусгай зөвшөөрөлтэй болгоно гээд хуулийн төсөл ороод ирсэн. Тэр үед харин ч бид хууль санаачлагчид руу ажил хэрэгчээр хандсан. Энэ ямар асуудал болоод байгаа юм бэ, хэрэв ингэвэл UBCab хамрагдчих юм биш үү. Энэ бидний гэхээс илүү 43 мянган жолоочийн асуудал өөр тийшээ эргэх юм байна. Байнга явдаггүй ч ажил гэр хоорондоо зорчихдоо нэмэлт орлого олдог хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байна” гэж хандсан. Эхэндээ биднийг сонсоогүй. Тиймээс маш яаралтайгаар мянган жолоочийн чуулган зохиож, тэдэнтэй нүүр тулж ярилцсан. Ингэхэд, цахим платформоор явбал торгоргүй гэдэг заалтыг ардаас нь нэмүүлсэн.
Гэтэл биднийг өөрсдөдөө зориулж хууль батлууллаа. Энэ компанид бүртгэлгүй байх юм бол иргэнийг таван саяар торгох юм байна. Ямар муухай монопол амьтад вэ”, “Тэр хараарай, тарифаа нэмчихлээ” гээд л эхэлсэн. Яахав тарифыг нь багасгачхаж болно. Бид бол жолооч хэрэглэгч хоорондын зуучлагч болж байгаа. Орлогыг жолооч авч байгаа. Манай шинэ удирдлага Золоо маань технологио хариуцаад, жолооч заавал дуудлага авах зэргийн өөрчлөлтүүдийг хийж байгаа. Тэгэхгүй бол манайхан дуудлагыг нь харж байгаад пластикийг нь авна гэх байдлаар ханддаг бодитой жишээ бий.
-Төрөөс хар такси, ердийн такси үйлчилгээ нэвтрүүлнэ гэж хотын дарга мэдээлсэн. Төр такси үйлчилгээ хийх гэж байгааг юу гэж харж байна вэ?
-Урьд нь асуудлаа ярих гэхээр компаниа баллачих юм шиг санагдаад эмээдэг байсан. Одоо ажлаа өгсөн болохоор хувь хүнийхээ үзэл бодлоо хэлэхэд, одоохондоо Хятад хөгжлийнхөө эхэн үед Дэн Сяопин удирдаж байхдаа “Муур хар байна уу цагаан байна уу хамаагүй. Хулгана барих нь л чухал” гэдэг асар том философи байдаг. Одоохондоо бид арай эрт байна. Лондонгийн такси гээд ярьж байна лээ. Дэлхийн хот Лондон гээд л… Болно л доо, тийм үнэтэй машинаар явж бололгүй яахав. Гэхдээ тарифыг нь төлж дйилэх юм уу. Одоохондоо бид стандарт ярих арай эрт байна. Миний бодлоор, таксинд гэмт хэрэг гараад байгаа нь симпортой байх эсэхдээ биш. Хэрэглэгч ч жолоочдоо халддаг асуудал зөндөө бий.
Манай улс цахим үндэстэн болсон. Сүүлийн үед апп гацалттай байгаа. Учир нь ситемийн бүтэн шинэчлэл хийж байгаа. Тиймээс түр саатал гарч байгаа.
-Энэ салбарт хамгийн туршлагатай танай компаниас төр такси үйлчилгээндээ зориулж туршлага судалсан уу?
-Таксины хөгжлийн асуудлаар хотын дарга уулзалт хийхэд хэлдэг үгээ хэлсэн. Хотын дарга их ууртай хүн байдаг юм шиг байна лээ. “Чамаар заалгахгүй шүү” гээд л тухайн үедээ хэлж байсан. Гэхдээ дараа нь залгаад “Та нарт яг ямар бодлого байгаа юм. Яах ёстой юм” гэсэн. “Тодорхой түвшинд хотын нүүр царай учраас стандарт байх ёстой. Гэхдээ бүх хэрэгцээг бид шинэ таксигаар хангаж чадахгүй. Хоёуланг нь хослуулаал явах ёстой” гэхэд тэр байр сууринд хотын дарга нэгдсэн.
Өмнө нь хотын хөгжлийн корпорациас “Улаанбаатар такси каб” гэдэг компани байгуулсан. Үүнийг нь Х.Нямбаатар дарга татан буулгах тушаал гаргаж буулгуулж байна лээ. Төр такси хийхгүй, хувийн хэвшлүүдэд санал тавина гэсэн. Би эхэндээ хотын даргад дурамжхан байсан. Маш хурдтай шийдвэрүүд гаргаж хууль батлуулаад араас нь төсвийн хөрөнгөөр такси байгуулах гэж байгаа юм байна гэж хардаж байсан ч сүүл нь хувийн хэвшил хий гэж сонсогдсон. Бид нар юм бүхэнд бас төрөө буруутгахгүй байхыг хичээж байна. Төр ч бай хувийн хэвшил бай нэг зорилготой байх хэрэгтэй л гэж хардаг.
Бизнест өрсөлдөөн байх хэрэгтэй. Гэхдээ бие биеэ хүндэлж өрсөлдөх хэрэгтэй. Маш олон такси үйлчилгээ явуулахаар бизнесүүд эхэлж байсан ч гарч ирэх бүртээ манай жолооч нар руу залгаад урвуулах гэж үздэг. Гоё шинээр эхлүүлэх, бие биенийхээ босгосон зүйлийг хүндэтгээд явах хэрэгтэй гэж боддог. Үйлчлүүлэгчдийн хэлдэг шүүмжлэлүүд бодитой үнэн зүйлс. Үүнийг барьж аваад асуудлуудыг шийдэх чухал.
Зарим хүмүүс гаднын платформ орж ирээд UBCab-ийг дампууруулаасай ч гэх шиг. Ер нь яагаад тийм аймар юм бол. Гаднынхан орж ирээд үнэгүй таксинд явахгүй. Монгол инженерүүдийгээ биш гаднын инженерүүдийг авах нь шударга юм уу. Сингапурын платформ орж ирнэ гээд л яригдсан. Ямар Сингапур жолоочдоо оруулж ирэх үү, жолооч л таван апптай болно биз дээ. Бид зөрчил гаргасан жолоочийг явууллаа гэхэд өөр платформд бүртгүүлээд л ажилчихна шүү дээ. Тэгэхээр энд ахиц ирэхгүй. Харин юу сайжрах хэрэгтэй вэ гэвэл технологио л сайжрах хэрэгтэй. Бидний дутуу хийсэн зүйл нь хэрэглэгчдээ дутуу бэлдсэнд байсан. Маш цөөн хувь нь жолоочид өгдөг. Үйлчлүүлэх бүртээ мууд нь муу, сайнд нь сайн оноог нь өгөх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, фейсбүүкт постлох чухал уу эсвэл хувь нэмрээ оруулаад үйлчилгээг сайжуулахад гар бие оролцоод од дарах нь чухал уу, сэтгэгдэл үлдээх чухал уу гэдгээ бодох хэрэгтэй.
-Ярилцлагын төгсгөлд юуг хэлмээр байна вэ?
-Өнөөдрийг хүртэл хамт байсан, байгаа жолооч нартаа баярлаж байна. Би орхиогүй шүү жолооч нартайгаа хамтраад хийх ажлууд олон бий. Малчдын UBCab төсөлд ч мөн жолооч нар маань оролцоно. Махыг дамлаж зараад хэт үнэтэй байдаг байдлыг халж, ченжгүйгээр хэрэглэгчийн гарт малчнаас нь аваад дамжуулж өгөх бүрэн боломжтой гэж харж байгаа. Би чинь энэ гэр бүлийн гишүүн хэвээрээ байх болно. Өөр зорилгын төлөө бага зэрэг тусдаа гарч байгаа л асуудал юм.
Enomad бол зүгээр нэг худалдааны сайт биш. Өргөн хүрээний малчидтай хамтарч нэгдэж, хоршоолол болно. Эрүүл мах нийлүүлэхийн тулд бүх талаараа хамтрах ёстой. Асуудал, борлуулалтаа төлөвлөгөөний дагуу боловсруулдаг байх учиртай. Үүний төлөвлөгөө боловсруулалт хэрэгтэй. Үүнд хоол үйлдвэрлэлийн салбарынхан, мал үржүүлгийнхэн гээд маш олон хүн нэгдэж байгаа. Харүмо Фүжи аваргын танилцуулаад байсантай үхэртэй яг ижил үхрийг жилийн өмнөөх өсгөж, үржүүлээд сүүний гарц зэргээр юм хийж байгаа. Монгол улс мал аж ахуйгаараа экспортын орлого их олдог байх ёстой. Энэ зорилгын төлөө явж байгаа. Удахгүй үе шаттайгаар танилцуулаад явна. Үүнийг хоёр жил гаруйн хугацаанд системийг хөгжүүлж байна. Жолооч нарыг зохион байгуулж чадсан шигээ малчдыг ч бас зохион байгуулж чадна гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа.