“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэдэд хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох вэ гэдэг нь олны анхаарал татсан асуудал болж хувираад байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зүгээс “1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэнд 580 мянган төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой” гэдэг тооцооллыг хэлж буй бол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “200 мянган төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой” гэж мэдэгдсэн.
Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нарын байр суурийг онцоллоо.
Д.ТОГТОХСҮРЭН:
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
-УИХ удахгүй дахин ярих болов уу. Баялгийн сангийн тухай хуулиа эхэлж батлах ёстой. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил ашигтай ажилласан. Тийм учраас ногдол ашгийг болж өгвөл цагаан сараас өмнө өгье гэдэг чиглэлтэй байгаа юм. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны эцсийн баланс гараагүй байна. Ойрхон ногдол ашгийн талаар зарлана.
1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа нэг иргэнд дунджаар 450,000-500,000 орчим төгрөгийг олгоё гэдэг ерөнхий чиглэл явж байгаа юм билээ.
Энэ талаар Засгийн газар дээр яригдсан. УИХ-аар хэлэлцэж байгаа тогтоол батлагдчихвал Засгийн газар дахин авч үзээд “Эрдэнэс Тавантолгой” ХК Төлөөлөн удирдах зөвлөлөө хуралдуулаад энэ асуудлыг шийдэх байх.
Одоогоор бол “Эрдэнэс Тавантолгой” ХК нодол ашгийн талаар зарлаагүй байна. Тус компанийн орлого 2023 онд нэлээн өссөн гэж сонссон. Өнгөрсөн онд улсын төсвийн орлого 3,5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Тийм учраас 2023 оны төсөвт тодотгол хийгээд 1,9 их наяд төгрөгийг цалин, тэтгэврийг нэмэхэд зарцуулсан. Үлдэж байгаа 1,6 их наяд төгрөгөөр төсвийн алдагдлаа нөхсөн. Олсон орлогоороо төсвийн алдагдлаа нөхсөн учраас оны төгсгөлд гаднаас зээл аваагүй.
Ж.ГАНБАТ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч
-Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдэд 2022 оны ногдол ашгийг өгөх асуудал яригдаж байна. ТУЗ-д танилцуулаад хувьцаа эзэмшигчийн хурлаараа шийднэ. 2023 оны ногдол ашгийн тухайд ирэх хоёрдугаар сарын 10-нд санхүүгийн тайлан гараад, түүний дараа аудит орно. Тэгэхээр 2023 оны ногдол ашиг олгох асуудал ирэх дөрөвдүгээр сараас яригдана гэсэн үг.
Одоо бид 2022 оны ногдол ашгийг иргэдэд олгуулах асуудлыг шийдвэрлэх талд нь байна. УИХ-аар хэлэлцэж байгаа тогтоол батлагдахаар 2022 оны ногдол ашгийг 2,5 сая иргэнд өгөх юм уу, 3,7 сая иргэддээ өгөх юм уу.гэдэг асуудал яригдана.
2022 оны хувьд авч үзвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч нэг иргэнд 120 иод мянган төгрөгийн ногдол ашиг ногдохоор байгаа.
УИХ -ын шийдвэр гарвал сар шинээс өмнө амжуулна.
Одоо “Эрдэнэс Тавантолгой” ХК 2 их наяд гаруй төгрөгийн өртэй. Нэн яаралтай өрийг бууруулах шаардлага байгаа. Нөгөө талдаа баяжуулах үйлдвэрийг ирэх тавдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар шахаад ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулбал одоогийн зарж байгаа үнэ дээр нэмээд 50-60 ам.доллар хамгийн багадаа олох боломжтой. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсээ угаагаад гаргах юм.