Хүн амын нягтаршил ихтэй, сургууль цэцэрлэггүй дүүргүүдийн зарим хороог сургуультай болгохоор аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж өгөхөөр болжээ.
Тодруулбал Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд “Грийт голд” ХХК өөрийн эзэмшлийн 19,797 ам метр талбайн 8,000 ам метр талбайд 1,200 хүүхдийн суудалтай сургуулийн газар, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүрэг агт” ХХК өөрийн эзэмшлийн 2.5 га газраас 4,002 ам метр талбайг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглуулахаар газраа чөлөөлж өгөхөөр болсон байна.
Орон сууцны хороолол дунд хараахан барилгаа бариагүй байгаа хувийн аж ахуйн нэгжүүд газраа нийслэлд шилжүүлж байгаа аж.
Газар чөлөөлсөн тухайн хотхоны орц, гарцыг нэг чиглэлд шилжүүлэх, хотхон болон сургуулийн орц, гарцыг тусад нь байлгахаар зураг төслийг боловсруулсан болохыг албаныхан мэдээлэв.