Улаан тэнгисийн худалдааны замд аюул учруулах болсон Йемений Хусит босогчдын байрлалд АНУ, Их Британи улсууд агаараас довтлохоор бэлдэж эхэлсэн тухай мэдээ өчигдөр тарсан юм.
Тэгвэл өнөөдөр өглөө уг ажиллагаа эхэлснийг эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Мягмар гарагийн орой Улаан тэнгисийн тээврийн аюулгүй байдлыг хангаж байгаа АНУ, Их Британийн хөлгүүд рүү Хуситууд нийт 21 пуужин, дрон харвасны дараа ийм арга хэмжээ авахаар болсныг албаны эх сурвалж мэдээлж байв.
Энэ талаар Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигээс сэтгүүлчид асуухад “Би энд ямар нэг байдлаар цохилтынхоо талаар мэдээлэл өгөхгүй. Хуситууд Улаан тэнгисийн худалдааны тээвэрлэлтэд байнга заналхийлж байгаа тул бид хийх ёстой зүйлээ хийх болно” гэж хариулжээ.
Лхагва гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен босогчид халдлагынхаа хариуд “үр дагавар амсах”-ыг мэдэгдсэн бол Их Британийн батлан хамгаалахын сайд Грант Шаппс “цаашид болох үйл явдалд анхаарлаа хандуулах”-ыг сэтгүүлчдэд зөвлөсөн юм.
Тэдний мэдэгдлийн хариуд Пүрэв гарагт Ираны дэмжлэгтэй Хусит хөдөлгөөний тэргүүн Абдул-Малик аль-Хути хариу арга хэмжээ авахаа амласан байна. Түүний хяналтад Йемен улсын баруун болон умард бүс нутаг байдаг юм.
“Америкийн ямар ч цохилтыг бид зүгээр өнгөрөөхгүй. Хариу арга хэмжээ маань манай сүүлийн довтолгооноос хамаагүй илүү хүчтэй байх болно. Израильтай холбоотой тэнгисийн хөлгүүд рүү довтлохоо бид зогсоохгүй” гэж тэр мэдэгджээ.
Сүүлд авсан мэдээллээр Йемений нийслэл Санаа хот болон Хуситуудын хяналтад байдаг Улаан тэнгисийн эргийн гол боомт Худайда хотууд агаарын цохилтод өртөж эхэлсэн байна.
Хуситууд арваннэгдүгээр сарын 19-ний өдрөөс хойш Улаан тэнгисээр зорчиж буй худалдааны хөлгүүд рүү нийтдээ 27 удаа довтолсныг Пентагоны албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Улаан тэнгисийн ачаа тээврийн зам бол дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой. Энэ замаар дэлхийн нийт далайн ачаа тээврийн 15 хувь дамждаг.
Хэрвээ энэ зам тасарвал Европ, Ази, Ойрх Дорнод, Африкийн олон орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм.
Зарим мэргэжилтнүүд энэ ажиллагааны үр дүнд Ойрх Дорнод дахь зөрчил мөргөлдөөний хамрах хүрээ өргөжиж болзошгүйг анхааруулж байна.
Израиль улсын арми Хамас зэвсэгт байгууллагыг устгахын тулд Палестины газар нутаг Газын зурвасыг дөрөв дэх сардаа бөмбөгдөж байгаа. Тус улсын хойд хил дагуу нутагт Хамасыг дэмжигч Ливаны Хезболла зэвсэгт бүлгийн халдлага үргэлжилж байна.
Өрнөдийн орнууд Ойрх Дорнодын энэ хямралыг Ливан, Йемен рүү өргөжүүлэхгүйн тулд идэвхтэй дипломат ажиллагаа явуулж байгаа юм.
Эх сурвалж: Reuters